Уншиж байна ...

Таван минут хүрэхгүй хугацаанд цэнэглэгддэг цахилгаан автомашины батарейн технологийг амжилттай туршжээ

Р.Түвшин, iKon.mn
2024 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Их Британийн Кэмбриж хотод бүртгэлтэй Nyobolt стартап компани 35kWh багтаамжтай шинэ лити-ион батарей зохион бүтээснээ өнгөрсөн долоо хоногт анх удаа туршжээ.

Туршилтаар уг батарейг 10 хувиас эхлээд 80 хувь хүртэл цэнэглэхэд дөрвөн минут 30 секундийн хугацаа зарцуулсан байна.

Өнөөдрийн байдлаар Tesla Supercharger гэх мэт түргэн цэнэглэгчээр цахилгаан автомашины батарейг цэнэглэхэд 20 минут орчим хугацаа зарцуулдаг.

Nyobolt-ийн шинэ батарей энэ хугацааг эрс багасгах ирээдүйтэй харагдаж байна.

Нөгөө талаар бензин хөдөлгүүртэй автомашины шатахууны савыг дүүргэхэд зарцуулдаг хоёр минуттай нэлээд ойртож байгаа юм.

“Их Британи, АНУ-д явуулсан өргөн хүрээтэй судалгааны үр дүнд бид шууд нэвтрүүлэхэд бэлэн, цаашид өргөтгөх боломжтой шинэ батарейн технологийг нээлээ. Боломжгүй гэж боддог байсан зүйлсийг боломжтой болгох шинэ бүтээгдэхүүнийг бид зохион бүтээж байна” гэж Nyobolt компанийн үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Сай Шиваредди туршилтын дараа мэдэгджээ.

Тус компанийн технологийг Кэмбрижийн Их сургууль дээр сүүлийн арван жил үргэлжилсэн судалгааны ажил дээр үндэслэн бүтээсэн юм байна.

Батарейн насжилт, чанарыг муутгалгүй, хэт халаалгүйгээр богино хугацаанд цэнэглэдэг нь уг технологийн гол онцлог ажээ.

Үүнээс гадна батарейн анодыг бүтээхдээ электронууд илүү хурдтай дамждаг материалыг ашигласан юм байна.

Nyobolt одоогоор автомашины найман үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнийг нийлүүлэхээр ярилцаж байгаа ажээ.

Цахилгаан хөдөлгүүрт автомашиныг зах зээлд нэвтрүүлэхэд саад болдог нэг хүчин зүйл нь батарейн цэнэглэх хугацаа байдаг.

Бас түргэн цэнэглэгчийн олдоц хүрэлцээ муу байгаа нь цахилгаан автомашины зах зээлийг хязгаарлаж байгаа.

Nyobolt компанийн батарейд ниобиум (niobium) хэмээх химийн элемент чухал үүрэгтэй байдаг байна. Уг элементийн олборлолт өнгөрсөн онд дэлхий даяар 83,000 тонн байжээ.

Харьцуулбал лити-ион батарейд түгээмэл ашиглагддаг графитийг 2023 онд 1.6 сая тонн олборлож байсан байна.

 

Эх сурвалж: CNN