Уншиж байна ...

Дэлхийн хамгийн шилдэг паспорттой орны титэм Японоос Сингапурт шилжив

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн улс орнуудын паспортыг визгүй зорчих чадвараар нь эрэмбэлдэг Henley Passport Index тайлангийн 2024 оны хувилбар нийтлэгджээ.

Энэ жилийн жагсаалтыг дэлхийн 195 улсад визгүй зорчих эрхтэй Сингапурын паспорт тэргүүлсэн байна.

Өнгөрсөн оны жагсаалтыг тэргүүлж байсан Япон улсын паспорт 194 оронд визгүй зорчих эрхтэйгээр Испани, Итали, Герман, Францын паспортуудтай хамт хоёрдугаар байранд эрэмбэлэгджээ.

Тэдний дараа 193 оронд визгүй зорчих эрхтэй Швед, Өмнөд Солонгос, Нидерланд, Люксембург, Ирланд, Финланд, Австри улсуудын паспорт гуравдугаарт эрэмбэлэгдсэн байна.

Жагсаалтын сүүлийн таван байрыг Йемен, Пакистан, Ирак, Сири, Афганистан улсууд тус бүр 35, 34, 31, 29, 28 улсад визгүй зорчих эрхтэйгээр эзэлжээ.

Монгол улсын хувьд дэлхийн 64 улсад визгүй зорчих эрхтэйгээр Куба, Мозамбик, Узбекистан улсуудтай 79 дүгээр байрыг хуваан эзэлсэн байна.

Монголын паспорт 2020 онд 78 дугаарт эрэмбэлэгдэж байснаа 2021 онд 87, 2022 онд 82, 2023 онд 82 болж буурсан байжээ.

 

Эх сурвалж: Business Insider