Уншиж байна ...

Лу.Гантөмөр: АН өнгөрсөн парламентын 10 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ ханган сонгуульд орохыг зорьсон, чармайсан

П.Сайнжаргал, IKON.MN
2024 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Нам(АН)-ын дарга Лу.Гантөмөр тус намын штабын төв байранд өнөөдөр мэдэгдэл хийлээ. 

Тэрбээр "АН-ыг дэмжиж саналаа өгсөн 440,000 гаруй иргэд, сонгогчдодоо чин сэтгэлийн талархал илэрхийлье. 

УИХ-ын сонгуулийн дүн мэдээ гарлаа. Одоо хяналтын тооллого явагдаж, дүн мэдээ үүрээр гарна. 

Ардчилсан Нам өнгөрсөн парламентын 10 суудлаа 43 болгож чадлаа. Бид эв нэгдлээ хангаж, энэ удаагийн сонгуульд орохыг зорьсон, чармайсан.

Харамсалтай нь сонгууль эхлэхээс өмнө, магадгүй сонгуулийн дундуур ч АН-ын гишүүн, бидний хамтран зүтгэгч зарим хүн намынхаа эсрэг ажиллах, өрсөлдөгчдөд худалдагдах үйл явдал асар их өрнөлөө. Үүнд маш их харамсаж байгаа.

Биднийг дэмжсэн 400 мянга гаруй сонгогчийнхоо хүсэж, мөрөөдөж байгаа авлигагүй нийгмийг байгуулахын төлөө ажиллана. Монголчуудаа ажлын байртай болгохын төлөө ажиллана.

Хамгийн гол нь монголчуудын амьдрал ядуу байна гэдгийг энэ сонгууль дүгнэж өгсөн. Өнөөдрийг хүртэл эрх баригчдын явуулсан бодлого асар их алдаатай байсан. Тиймээс ч ард түмэн дүнгээ тавьсан" гэлээ. 

Мөн "Монголын төрийн бодлогыг дүгнэж байгаа ард түмний дүгнэлтэд хүндэтгэлтэй хандаж, эрх барьж буй нам ч бодлогынхоо алдааг засах хэрэгтэй.

Сонгуулийн явцад асар олон булхай, луйвар явагдсан. Ялангуяа тойргуудад нэр дэвшиж буй МАН-ын сайд, дарга нар их хэмжээний хөрөнгө зарцуулсныг бүгдээрээ мэдэж байгаа.

Энэ их хуваагдал, түрэмгийлэл сайн зүйл авчрахгүй. Энэ хуваагдлыг яаралтай таслан зогсоох хэрэгтэй.

Сонгуулийн явцад Өвөрхангай аймгийн Сант сумын намын дарга н.Баянмөнх амь насаа алдах үйл явдалтай хүртэл тулсан. АН-ын даргын хувьд н.Баянмөнх агсныгаа АН-ын дээд шагнал Чингис хааны одонгоор нөхөн шагнаж байна.

Ар гэрт нь Өвөрхангай аймгийн төвд хоёр өрөө байр авч өгнө. Бид сонгуулийн үед аль болох улс төржүүлэхгүй байхын тулд элдэв үйлдэл гаргаж, үг хэлээгүй. Цаашдаа энэ хэргийн үнэн мөн шийдэгдэх учиртай.

Монголчуудын түрэмгий, нэгнийгээ дээрэлхдэг, дарамталдаг, харгис хэрцгийгээр үзэл бодлоо илэрхийлдэг байдлыг таслан зогсоох ёстой" гэж Ардчилсан Намын дарга Лу.Гантөмөр хэллээ. 

ВИДЕО: 

https://www.facebook.com/iKonNews/videos/393889400348785