Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/26-НД НИЙТЛЭГДСЭН

"Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Үндэсний эвслийн сонгуулийн сурталчилгааны байр гэсэн хаяг байгаагүй"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 26
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн байгууллагаас "Үндэсний эвсэл"-ийн сонгуулийн штабын байранд өчигдөр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан.

Энэ талаар Цагдаагийн Ерөнхий Газар(ЦЕГ)-ын Хэвлэл мэдээлэл,олон нийттэй харилцах хэлтсийн дарга Г.Пүрэвдэлгэр "Өчигдөр цахим орчинд нэлээд сөрөг ташаа, худал мэдээлэл явлаа. 

Хөдөлмөрчдийн ордонд очиж цагдаагийн байгууллага хойшлуулшгүй ажиллагаа явуулахад "Үндэсний эвсэл"-ээс яриад байгаа шиг сонгуулийн сурталчилгааны байр гэсэн хаяг шошго байгаагүй. 

Цагдаагийн байгууллагад ирж буй бүх дуудлага мэдээлэлд очиж ажилладаг. "Үндэсний эвсэл"-ийн хуульчаас "сонгуулийн штабын байранд нэгжлэг хийх нь СЕХ-д мэдэгдэх ёстой, хууль зөрчсөн" гэх асуудлыг ярьсан.  

Цагдаагийн байгууллага нэгжлэг хийгээгүй, үзлэг явуулсан. Үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг одоо бэхжүүлж, хэрхэн яаж шийдвэрлэгдэхийг хуулийн дагуу шийддэг журамтай.

Олон тооны иргэд, тоног төхөөрөмж байсан. Тодруулбал Хөдөлмөрчдийн ордонд 148 иргэн үйл ажиллагаа явуулж байсан. 

Үзлэгээр СЕХ-д бүртгүүлж албан ёсны сурталчилгааны эрх аваагүй, илт хуурамч хаягуудаар сонгуулийн холбогдолтой үйл ажиллагаа явуулж байсан. Сонгуулийн тухай хуульд зааснаар нам эвсэл, нэр дэвшигчийн талаар цахим орчинд сурталчилгаа явуулах бол тухайн хаягаа СЕХ-д бүртгүүлэх ёстой. 

Гэтэл өчигдрийн хойшлуулшгүй ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд нэг компьютер дээр 5-7 хуурамч хаяг бий болгосон байсан.

Мөн үзлэгийн явцад тухайн байрнаас нийт 41,985 иргэний регистр, утасны дугаар бүхий хувь хүний мэдээлэлтэй баримт, файл олдсон. Энэ бол хуулиар хориотой, гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм. 

148 иргэнийг "Үндэсний эвсэл"-ийн хуульч манай намын ухуулагч гэж ярьсан. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд эрх бүхий байгууллагаас лавлагаа авахад тухайн 148 иргэнээс хоёр нь "Үндэсний эвсэл", Ардчилсан Намын сонгуулийн ухуулагчаар бүртгэлтэй нь тогтоогдсон.

Өчигдрийн хойшлуулшгүй ажиллагаа эрх бүхий прокурорын хяналтын доор явагдсан" хэмээн ярив.