Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

О.Анхбаяр: Ус татарч, газар хатахаар Наадамчдын гүүрний холбоос замын далан барих ажил эхэлнэ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Наадамчдын гудамжнаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх буюу Яармагийн замыг Нэгдүгээр хороололтой холбох авто зам, гүүрэн байгууламжийн ажлын гүйцэтгэгч "Тотал Инж" ХХК-аас өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус компанийн гүйцэтгэх захирал О.Анхбаяр "Наадамчдын замаас Энхтайваны өргөн чөлөө хүртэлх авто зам, гүүрийг барих төсөл тус тусдаа хийгдсэн. Гүүрний тендер зарлагдаж, эхний нэг жилд бүтээн байгуулалт явагдсан. Дараа жил нь буюу 2023 оны наймдугаар сарын 20-нд 2.8 км холбоос замын ажлыг гүйцэтгэж эхэлсэн юм. Өнгөрсөн жил үертэй байсан учир наймдугаар сард эхэлсэн. 

Холбоос зам 2.8 км гэж буй боловч орон нутгийн замтай харьцуулахад 10 гаруй км замтай тэнцэх хэмжээнийх.  Тодруулбал холбоос зам нь зургаан эгнээтэй, өргөн нь 60 метр, далангийн өндөр 1.5-8 метр.

Замын ажлаас гадна дулаан, цахилгаан эрчим хүч, холбоо, цэвэр, бохир усны инженерийн систем, усны хангамжийн хонгилын систем ТЭЦ-3-ын усны хангамжийн системийн хийцлэлтэй юм.

Өнгөрсөн жилээс эхэлсэн холбоос замын ажлыг 24 цагаар гүйцэтгэж буй. 2024 оны 12 дугаар сарын 30-нд дуусгах хугацаатай.

Зургаадугаар сард дуусгахаар инженерийн шугам сүлжээний ажлыг нааш татъя гэж тооцоолж байсан ч бидний хүссэнээр болоогүй юм. Тухайлбал айлтай тохиролцох асуудал гарахад зөвшөөрөхгүй байх зэргээс хугацаа хойшилсон.

Гүүрний урд талд ус сувгийн хонгилын системийг хийж дуусаад усанд автсан хэсгийн ажлыг эхлэх гэж байсан юм. 

Голын голдиролтой газар, зам гүүр барихад усны урсцыг өөрчилж байж даланг барьдаг. Одоо ус татарч, газар хатахаар усны урсцыг өөрчилж бүтээн байгуулалтын ажлаа эхэлнэ. Бүтээн байгуулалт дуусахаар усны урсцыг буцааж хэвийн болгодог. 

Уг холбоос зам нь усны үерийн хамгаалалт, далангийн бетонон бэхэлгээтэй баригдах юм" гэж мэдээлэв.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Усанд автсан хэсэгт ямар нэгэн хохирол учраагүй" болохыг Нийслэлийн Замын Хөгжлийн Газрын Бодлого төлөвлөлтийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Анхбаяр хэллээ.

Сануулахад Яармагийн замыг Эрчим хүчний гудамж дахь ТЭЦ-IV-ийн урд замтай холбох гурван гүүрний ажил 96%-тай, гүүрнүүдийг холбох зургаан эгнээ бүхий замын ажил 48%-тай үргэлжилж буй. Харин ТЭЦ-IV-ийн урд замыг Нэгдүгээр хороололтой холбох замын бүтээн байгуулалт эхлээгүй, зураг төслийн шатанд байгааг албаны хүн тайлбарлаж байсан юм.