Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

ОХУ-ын Дагестанд гарсан зэвсэгт халдлагын үеэр алагдсан хүний тоо 20 болж нэмэгдлээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт ОХУ-ын Ар Кавказын бүгд найрамдах улс Дагестанд гарсан зэвсэгт халдлагын үеэр алагдсан хүний тоо 20 болж нэмэгдсэнийг эх сурвалжууд өчигдөр мэдээллээ.

Халдлага тус бүс нутгийн хоёр гол хот Махачкала, Дербентэд зэрэг гарсан юм. Автомат буугаар зэвсэглэсэн этгээдүүд Ням гарагийн орой Дербент хотын үнэн алдартны болон жүүдийн шашны сүм хийдүүдийг галдан шатааж, үнэн алдартны шашны санваартан, 66 настай Николай Котелниковын амийг хөнөөсөн байна.

Зэвсэгт этгээдүүд бас Махачкала хотод замын цагдаагийн хяналтын байр руу гал нээж, сүм хийдүүдэд халджээ.

Махачкалагийн Успенскийн дуганы ойролцоо ширүүн буудалцаан болсон нь шөнө дунд хүртэл үргэлжилсэн байна.

Энэхүү халдлагыг үйлдсэнээ одоогоор хэн ч хүлээгээгүй байна. ОХУ-ын Холбооны Мөрдөн Байцаах Хороо халдлагын үеэр цагдаагийн 15 албан хаагч, дөрвөн энгийн иргэн алагдсаныг мэдээлсэн бол Дагестаны эрүүл мэндийн яам нийт 46 хүн шархадсан тухай мэдээлсэн байна.

Халдлага үйлдэгчдээс хамгийн цөөндөө таван хүн алагдсаныг бас мэдээлжээ.

Даваа гарагт Дербент хотын шатсан сүм хийдүүдэд очсон Дагестаны засгийн газрын тэргүүн Сергей Меликов “Энэ бол Дагестаны төдийгүй нийт улс орны хувьд эмгэнэлт өдөр байлаа. Энэ бол бидний эв нэгдлийг сарниулах гэсэн оролдлого юм” гэж хэлсэн байна.

Тэрбээр халдлагыг төлөвлөхөд “гадаадын хүчний туслалцаа орсон” гэж хэлсэн ч энэ талаар цааш дэлгэрүүлээгүй юм.

Дагестан даяар гурван өдрийн гашуудал зарлажээ.

Кавказын бүс нутагт салан тусгаарлах үзлийг өөгшүүлдэг гэж Өрнөдийн орнуудыг байнга буруутгадаг ОХУ-ын ерөнхийлөгч Путин амь үрэгдсэн хүмүүсийн ар гэрийнхэнд эмгэнэл илэрхийлсэн байна.

Загалмайн болон жүүдийн шашны сүм хийдүүдэд халдсанаас үзвэл үүний цаана Исламын экстремистүүд байх магадлалтай юм.

Гурван сарын өмнө 145 хүний аминд хүрсэн Москвагийн концертын танхимд гарсан халдлагыг Исламын Улс олон улсын террорист байгууллага үйлдсэнээ хүлээж байв.

Оросын эрх баригчид энэ удаагийн халдлагыг ямар хүмүүс үйлдсэн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байна.

Зарим хэвлэлүүдийн мэдээлснээр Дагестаны төв бүсийн Сергокала дүүргийн захирагч Магомед Омаровын хоёр хүү халдлагад оролцсон нь тогтоогджээ. Тэд буудалцааны үеэр алагдаж, Омаров өөрөө баривчлагдсан тухай мэдээлж байна.

Кавказын нурууны ар бэлээр Хар тэнгисээс Каспийн тэнгис хүртэл газар нутагт Оросын холбооны үндэсний цөөнхийн хэд хэдэн субъект оршдогийн нэг Дагестан юм.

Энэ бүс нутгийг 18 дугаар зууны сүүлч, 19 дүгээр зууны эхээр Оросын хаант улс өөртөө нэгтгэж байсан юм.

1991 онд Зөвлөлт Холбоот Улс задарсны дараа энд салан тусгаарлах хөдөлгөөн өрнөж байсан түүхтэй. 1999 оны наймдугаар сард хөрш Чеченийн зэвсэгт хөдөлгөөний тэргүүн Шамил Басаев цэргүүдийн хамт Дагестаны ваххабист суурь үзэлтнүүдийн тэмцэлд туслахаар ирж байжээ.

Үүний хариуд Оросын арми агаарын хүчний томоохон байлдааны ажиллагаа явуулж, Чеченийн хоёрдугаар дайныг эхлүүлж байв.

 

Эх сурвалж: Reuters