Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/25-НД НИЙТЛЭГДСЭН

2023 онд нийтийн тээврийн нийт зорчилтын тоо 140 саяыг давжээ

ikon.mn
2024 оны 6 сарын 25
Сурталчилгаа

Иргэдийн өдөр тутмын хэрэгцээ болсон нийтийн тээврийн 2023 оны статистик дараах байдлаар гарсан байна. 2023 онд нийт 140.2 сая зорчилт үүссэн ба иргэдийн хамгийн их зорчилт хийсэн 3 чиглэл нь Ч:1(Офицеруудын ордон-5шар) чиглэлд 8 сая зорчилт, Ч:59(Офицеруудын ордон-ХМК) чиглэлд 4.6 сая зорчилт, Ч:40(Мах импекс-Улаан хуаран) чиглэлд 3.9 сая зорчилт үүссэн байна. Эдгээр чиглэлүүд нь бүгд Энхтайваны өргөн чөлөө Бага тойруугаар дайран өнгөрдөг.

Харин автобусны зогсоолоор аваад үзвэл давхардсан тоогоор Офицеруудын ордон (хойд) зогсоолоос 3.2 сая иргэн, Офицеруудын ордон (урд) зогсоолоос 2.5 сая иргэн, Төв цэнгэлдэх хүрээлэн зогсоолоос 2.2 сая иргэн тус тус суусан байна. Уг тоон мэдээллээс харахад иргэдийн дийлэнх хувь Баянзүрх дүүрэгт амьдардаг болон авто замын сүлжээтэй уялдаж байна.

Жич дээрх тоон мэдээлэлд дамжин суултын зорчилт орсон болно.

Давхардсан тоогоор өдөрт нэг автобус дунджаар 440 иргэн тээвэрлэсэн байна.

Харин дамжин суултын хувьд Офицеруудын ордон (хойд) зогсоол дээр 890 мянган зорчилт, Офицеруудын ордон (урд) 800 мянган зорчилт, 5 шар зогсоол дээр 480 мянган зорчилт үүссэн байна. Энэ нь Улаанбаатар хот нутаг дэвсгэрийн хувьд баруун, зүүн тийш тэлж тогтсоноос шалтгаалан чиглэлийн давхцалыг бууруулах үүднээс эдгээр зогсоолууд дээр богино эргэлтүүдийг хийсэнтэй холбоотой байна.

зураг
 

2023 оны эцсийн байдлаар өссөн дүнгээр 571 чиглэл бүртгэгдсэн байх ба үүнд зам засвар, наадам, марафон, шөнийн үйлчилгээ, зуслангийн чиглэл зэрэг улирал, өдрийн арга хэмжээнүүдэд зориулан гаргасан чиглэлүүд мөн багтаж байна.

Дээрх чиглэлүүдээс хамгийн урт чиглэл нь ХО:4 (Офицер-Тэрэлж-Налайх) чиглэл бөгөөд 1 рейсийн уртын хэмжээ нь 142.3 км байна. Тухайн чиглэл нь том хүн 2300 төгрөг, хүүхэд 1200 төгрөгийн тарифтай байсан байна. Хэрэв тухайн чиглэлийг бүхэлд нь таксигаар тойрох бол 213,450 төгрөгийн төлбөр төлөхөөр байна. Харин хамгийн богино чиглэлийн нийт урт нь 10,5 км бөгөөд энэ чиглэл нь Ч:67 (Морингийн даваа - Нисэх) чиглэл байна.

Хамгийн олон зогсоолтой чиглэлүүд нь Ч:22 (Шарга морьт-Чингис СООСЭ) буюу 82 зогсоолтой, Ч:29 (Сэлбэ-МУБИС-Вокзал) буюу 80 зогсоолтой, Хо:2 (Шарга морьт-Халдварт) буюу 78 зогсоолтой байсан байна.

зураг
 

Иргэдийн нийтийн тээврээр хамгийн их зорчдог цаг нь өглөө 07-10 цагийн хооронд буюу 4 цагийн хугацаанд байх ба нийтийн тээврийн системд цугларч буй нийт зорчилтын ¼-ийг эзэлж байна.

Ажлын болон амралтын өдрийг харьцуулахад нийт зорчилтын хэмжээ амралтын өдөр 42%-аар буурдаг байна.

2023 оны турш иргэд нийт 10.2 сая удаа картаа цэнэглэсэн ба нийт хийсэн цэнэглэлтийн 27%-ийг гар утасны аппликейшнаар /Hipay, Tapatrip, Toki, SocialPay, SocialPay Junior/ цэнэглэсэн үзүүлэлттэй байна. Нийтийн тээврийн Umoney картыг 2020 оноос эхлэн гар утасны аппликейшнаар цэнэглэж эхэлсэн ба гар утсаараа картаа цэнэглэдэг хэрэглэгчийн тоо жилээс жилд өсөж байна.

Харин 73% нь автобусны зогсоолын ойролцоох ТҮЦ, 6,8 нэрийн дэлгүүр, Номин, Имарт, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрүүдээр цэнэглэжээ.

зураг
 

Картаа цэнэглэхээс гадна банктай хамтарсан картаар нийтийн тээвэрт зорчих боломжтой ба 2023 онд 3 өөр банкны 4 төрлийн картаар /Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк/ 1.33 сая зорчилт хийсэн байна.

Хэрэв та Umoney карттай холбоотой мэдээллийг албан ёсны эх сурвалжаас тогтмол авахыг хүсвэл ЭНД дарна уу.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.