"Playboy" сэтгүүлийн зочноор зураач, барималчин Барсболдын Дэнзэн уригдаж сонирхолтой ярилцлага өгчээ.
PLAYBOY: Өнөөгийн энэ нийгмийг харахад бид урагшлах биш ухраад байх шиг санагддаг, харин таны бодол?
ДЭНЗЭН: Манайд ардчилал энэ нтр гээд л ярих боловч нийгэм солигдоогүй хуучнаараа л байгаа ш дээ. Ийш тийшээ явдаг хэсэг хүмүүс байдаг байх л даа. Жирийн монголчууд яг хуучин сэтгэхүйтэйгээ л байгаа. Ямар ч хувьсгал болоогүй манайд.
"Ленин багшийн" хийсэн социализмын хувьсгалаар манайхыг сэсээр улс нэг муж улсаа болгох зорилготой байсан, түүнийгээ ч нуудаггүй л байсан шүү дээ. ЗХУ-ын сүлдийг хар л даа тийм ээ.
PLAYBOY: Гэхдээ социализмын үед бидэнд соёлын том дэвшил гарсан шүү дээ?
ДЭНЗЭН: Оросууд бол европ ард түмэн. Ядаж усанд ороод, европ хувцас өмсөөд л, дэлхийн уран зохиол, сонгодог урлаг гээд л өрнийн соёлыг мэдэж авсан. Харамсалтай нь 90-ээд оноос хойш ухрах процесс явагдаж байна даа. Хуучин байсан институци нь ажиллахаа байчихсан, шинэ зүйл орж ирээгүй, хүмүүс нь бахь байдгаараа. 90-ээд онд хөдөө явж байхад үхэр тэрэгтэй хүн олон болчихсон байсан.
Харахад аймаар байсан, яахав гадаадын хүний нүдэнд эгзотик харагдана байх л даа. Муухан УАЗ 69, пургонтай явж байтал нөгөөх нь эвдрээд засах мөнгө, сэлбэг байхгүй буцаад үхэр тэрэг рүү орно гэдэг чинь аймаар гэхээс өөр юу гэхэв дээ.
Монголчууд монгол ухаан, нүүдэлчин соёл гээд яриад байгаа нь 2,3 мянган жилийн өмнөх зүйлээ л яриад байгаа хэрэг. Өнөөдөр ертөнц шал өөр тийшээ явж байна. Хятад гэхэд 20 жилийн өмнө ямар байлаа. Ямар ч гэсэн тархины хувьсгал байх ёстой юм шиг байна.
PLAYBOY: Бидэнд ямар зүйл саад болдог вэ?
ДЭНЗЭН: Хүүхдийг цэцэрлэг сургуульд хүчээр сургадаг байхаа. А Б В Г гээд хүчээр заадаг. Өөрөө мэднэ дээ хүүхэд сургуульд явах дуртай юм уу. Хэрэгтэй гээд л сургуульд сурдаг. Тэгээд дараа нь муу, дунд, сайн, онц сурлагатан болцгоодог. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл шаардлагатай зүйлийг хүчээр сургах хэрэгтэй байдаг юм билээ. Улаанбаатарын ихэнх нь хөдөөнөөс орж ирсэн. Тэд чинь насаараа хөх тэнгэр дор, хээр тал газар ганцаараа морь унаад л явдаг байсан.
Эрүүл мэнд, боловсрол хөгжсөн улс өнөөдөр хөгжиж байгаа. Энэ 2-ыг анхаараагүй цагт ирээдүй байхгүй дээ.
Яг тэр сэтгэлгээгээрээ Улаанбаатар хотод явж байдаг шүү дээ. Урд хойно хүн байна гэж бодохгүй, ийш тийшээ гэрэл чийдэн харах, урдуураа оруулах тоормос гишгэх энэ тэр байдаггүй шд. Социализмын үед хувийн өмчийг хурааснаас болсон байх гэж би боддог. Хуучин социалист орнуудад гудамжинд алхаж явахад хүмүүс нь инээдэггүй.
Гэтэл Энэтхэг, Египет зэрэг ядуу оронд явж байхад хүмүүс нь инээмсэглэсэн нөхөрсөг байдаг. Би Америк, баруун европын өндөр хөгжилтэй орнуудыг ярихгүй байна л даа. Олон зуун жилээр жилээр тогтнож байгаа хотын тогтолцоо гэдэг чинь шал өөр зүйл байдаг юм байна лээ. Хотын амьдрал гэдэг чинь бичигдсэн бичигдээгүй олон хуультай. Түүнийг мэдэхгүйгээр хөдөөнийхөн ирцгээж байна. Би найз Долгионтой энэ тухай ярилцаж байсан. Соёлын довтолгоон ч юм уу нэг зүйл хүчээр хийх хэрэгтэй байна гэж.
Халбага сэрээгээ яаж барихаас эхлээд цахилгаан шатанд яаж суух хүртэл хүчээр зааж байх ёстой гэж бодож байна.Зарим толгой нь ажилладаг хүмүүс уншиж харж үзээд харьцуулдаг байх. Ихэнх нь хөдөө хээр амьдарч байснаараа л амьдраад байна. Хугацаа л хэрэгтэй байх. Хэрвээ би том эрх мэдэлтэй дарга дээр сууж байсан бол хамгийн түрүүнд бүх мөнгөө боловсрол, эрүүл мэнд рүү шидэх байсан.
Жаахан мөнгөтэй бол Эрээн, илүү мөнгөтэй бол Бээжин, бүр их мөнгөтэй бол Өмнөд Солонгос. Тайланд, Америк явчихдаг, тийм үү. Эмч нарт бурууг чихнэ, цалин муу, 20,30 жилийн өмнөх технологи, мэдлэгээрээ ажиллаж байгаа хүмүүс шүү дээ тэд. Боловсрол яг тийм байгаа. Эрүүл мэнд, боловсрол хөгжсөн улс өнөөдөр хөгжиж байгаа. Энэ 2-ыг анхаараагүй цагт ирээдүй байхгүй дээ. Ингэж л боддог. Буруу ч байж магадгүй, энэ бол миний бодол.
PLAYBOY: "Playboy" сэтгүүл Монголд орж ирснийг хэрхэн хүлээн авч байна.
ДЭНЗЭН: Дэлхийд байдаг зүйлийг оруулж ирэх хэрэгтэй байх. Гэхдээ шүүлтүүртэй байх нь зүйн хэрэг. Биднийг бага байхад Playboy бол бараг л порно, империализмын бэлэг тэмдэг гэдэг байлаа шд. Хүмүүсийг мансууруулдаг гээд л. Зөвхөн Playboy ч биш Марлборо тамхи, Кока Колаг ч тэгдэг байсан. Би 12,13 наснаасаа эхлэн энэ сэтгүүлтэй танилцсан, урлагийн сургуульд сурч байсан болохоор нүцгэн натур зурдаг байлаа. Миний хувьд энэ сэтгүүлийн зурагнаас цочирдох зүйл огт байгаагүй.
Гэхдээ л яасан гоё өнгөтэй юм, яасан ч сайхан хүүхнүүд гээд боддог л байсан. Дараа нь хэлтэй болоод сэтгүүлтэй гүнзгий танилцсан даа. Энэ Хефнер гэдэг хүн чинь яасан сүрхий хүн бэ гэх мэтээр танилцаж эхэлсэн гэх үү дээ. Орчин үеийн нилээн гайгүй явж байгаа эрчүүдэд зориулсан сэтгүүл шүү дээ. Улс төр, нийгэм. эдийн засгийн том хэлэлцүүлгүүдтэй, ухаантай, чадалтай, хурц мэдрэмжтэй сэтгүүлчидтэй, за тэр зурагчдын тухайд ярих юм байхгүй гайхалтай сайн. Ноднин Монголд Playboy-г дэлгүүрт байхыг нь хараад их баярласан. "Овоо ш дээ манайхан" гэж бодсон. Нилээн гайгүй сүрхий зүйл оруулж ирж байгаа юм байнаа гээд. /инээв/
Яахав залуу хүмүүс эмэгтэй хүний нүцгэн бие эхлээд харах байх л даа, дараа нь лавшраад уншвал гүнзгий агуулгатай сэтгүүл гэдгийг ойлгох болно.
Анх энэ сэтгүүл гарах үед Америкт бөөн юм болсон. Ер нь бол америкчууд консерватив хүмүүс байдаг. Авгай нь ажил хийх ёсгүй, 2-3 хүүхэдтэй, хайр дурлалаа илэрхийлэх зүйл бол гэрийн бүх зүйл цэвэрхэн байх ёстой гээд л. Гэтэл гэнэт ийм сэтгүүл гарч ирсэн. Энэ чинь тухайн үед эр эмийн ёсонд хувьсгал хийсэн шүү дээ. Тэгээд дараа нь соёлт залуусын унших дуртай сэтгүүл болсон. Дараа нь олон секс порно сэтгүүл гарсан боловч Playboy бол үндсэн агуулга зорилгоо алдаагүй, ёс суртахуун гоо зүйтэй хэвээрээ л үлдсэн. Дасах хэрэгтэй л байдаг юм.
PLAYBOY: Гоо сайхныг харуулсан нүцгэн хүүхнүүдээс нь болоод манайд ч буруу ойлголттой, хуучинсаг хүмүүс байж л байна. Дасах байлгүй дээ.
ДЭНЗЭН: Ер нь тийм. Тухайлбал, би найз С. Зоригийн хөшөөг доор байрлуулахад хүмүүс янз бүрээр хэлж л байсан. Ленин багш шиг зогсож байх ёстой гээд л. Одоо хүмүүс дасчихсан. Битлзийн хөшөөг хийхэд бас л бөөн сөрөг яриа. Би дотны найз нөхөддөө хэлж байсан. Энэ хөшөөний нэр бол "Бид, бидний залуу нас". Энэ хамтлагийг гарч ирж байх үед бид 17 орчим настай хөвгүүд байсан. Битлзийг хэзээ ч харж байгаагүй амьдаар нь, ганц нэг пянзыг нь гадаадад явдаг найз нөхдөөсөө олж сонсож байсан.
Тэр хөшөөг 15,16 насны хүүхэд Битлзийг төсөөлж байгаа хэлбэрээр хийсэн. Марко Пологийн хөшөө гэхэд зориуд ГХЯ-ны өмнө хийсэн. Тэр хүн чинь тухайн үед манай гадаад дахь том элч төлөөлөгч байсан биз дээ. Найз С.Баяр маань үүнийг их оновчтой тайлбарлсан шүү. Би их баярладаг. Хөшөө баримал хийхэд тусгай концепци хэрэгтэй байдаг юм.
PLAYBOY: Аливаа урлагийн бүтээлийг тайлбарлаж байх хэрэгтэй л юм байна.
ДЭНЗЭН: Би нэг жишээ хэлэх үү. Зураач Пикассо галзуу капиталист хүн байсан хэрнээ коммунист намын гишүүн байсан. Оросын зохиолч Фадеев нэг удаа Пикассогоос асуусан байдаг. "Та өвөрмөц хүн. Таны зургуудыг хараад байхад хүмүүс сайн ойлгодоггүй шүү дээ" гэж. Пикассо "Фадеев гуай та сургуульд сурч байхдаа бичиг үсэг яаж сурсан бэ?" гэхэд мань хүн "а б в г.. гээд л сурсан" гэжээ. Пикассо “Тэгвэл урлагийг ойлгох хэрэгтэйг яаж сурсан бэ?" гэхэд Фадеев инээгээд өнгөрсөн байдаг. Тэгэхээр урлаг ойлгох тухайд суралцаагүй юм чинь яаж ойлгох вэ дээ тийм үү. Тэгэхээр тайлбарлах хэрэгтэй.
PLAYBOY: Нэг ийм үг байдаг даа. Өдөрт нэг уран зураг үзээд, нэг сайхан хөгжим сонсчих хэрэгтэй гэж.
ДЭНЗЭН: 17,18 зууны үеийн хөгжим, зураг өөр байсан. Өнөөдөр тухайлбал Гончигсумлаа гуай гэхэд францын реалист зураачдыг, хөгжим гэвэл Чайковский юм уу Моцартыг бодох байх. Огт юу ч мэдэхгүй хүн бол нөгөө хэдэн зохиолын дуу, зах дээр зардаг хямдхан хэдэн зураг бодно байх л даа. Түвшин гэж бас өөр өөр юм байдаг юм билээ. Хүн өөрийн түвшинд л ойлгодог.
PLAYBOY: Зохиолын дуу гэснээс энэ төрөл их "хөгжиж" байна шүү.
ДЭНЗЭН: Энэ бол ийм юм л даа. Тухайлбал, 1940-60 аад оны үед Япон улсад ийм байсан. Дайны дараах бүтээн босголтын үед Токио мэтийн томоохон хотуудад хөдөөнөөс маш олон хүн орж ирсэн. Нэгэнт хотод төрж өсөөгүй болохоор нутгаа их санацгаадаг. Яг тэр үед японы зохиолын дуунууд гарч ирсэн.Нялуун, яахав дээ 2 сонсоод мартчихдаг, хайр дурлал, эх орон, ээж, мэдээж нөгөө Фужи уул, тосгоныхоо тухай дуулна.
Тосгоныхоо тухай дуулах дуртай, тэгсэн хэрнээ тийшээ очих дургүй. 70-аад онд өмнөд Солонгос тийм л байсан. Нялуун дуунууд гэхдээ чихэрлэг байх ёстой. манайд яг адилхан. Уяраачихдаг авьяастай нэгэн төрж эхэлсэн. Энэ чинь бизнес, галзуу том бизнес шүү дээ. Хотод орж ирж байгаа хүмүүс хотынхны рок пoп сонсох биш зохиолын дуугаа л сонсоно биз дээ. Яваандаа түүнээсээ сална байх л даа. Ер нь бол дуурь сонсож, балет үздэг хүн хаана ч цөөн байдаг. Ойлгоход хэцүү л дээ. Боловсрол хэрэгтэй.
PLAYBOY: 70, 80 аад оны үед дуурь балетийг хүчээр үзүүлдэг байсан шүү дээ.
ДЭНЗЭН: Хар даа, тэр үеийн соёлын довтолгоо их зөв байсан. Хүүхдийг багаас нь сургах хэрэгтэй. Аяндаа дуртай болчихдог. ТВ бага үзүүлж ном уншуулж сургах хэрэгтэй байна. Европ гэлтгүй хятад японы эртний сонгодог зохиолуудыг уншуулах хэрэгтэй.
PLAYBOY: Та сүүлийн үед ямар бүтээл туурвиж байна вэ?
ДЭНЗЭН: Ойрд хийсэн зүйл алга. Миний хувьд өглөө гараад орой 5 цагт гэртээ ирнэ гэсэн ойлголт байхгүй. Тааваараа зургаа зураад, баримлаа хийгээд л хааяа үзэсгэлэн гаргаад явж байна.
PLAYBOY: Сүүлийн үед уран зураг цуглуулах хоббитой хүмүүс олон болж байна. Түүгээрээ өөрийгөө илэрхийлэх нэг хэмжүүр нь болж байх шиг?
ДЭНЗЭН: Энэ бол дэлхийн түүхэнд аль эртнээс л байсан зүйл. Хүмүүс сонирхлоороо янз бүрийн цаг үеийн зургийг төрөлжүүлж цуглуулах нь бий л дээ. Тухайлбал би уран барималчин гэхэд хятадын Тан улсын морь хийх аргад дуртай. Хан улсынх шал өөр байдаг. Юань улсынх гэхэд бас өвөрмөц. Тэр үеийн барималчид дотор хятад нь ч монгол нь ч байсан. Бидний супер хүчтэй байсан тэр үед орон бүрийн барималчид хоорондоо арга барилаасаа суралцдаг байсан байна лээ. Надад хятадын нэг сайхан ном бий. Түүн дотор эртний хятадын урлаг байхаас тэдгээр нь секс эротиктой холбоотой байх жишээтэй.
Эртний хятад, япон, солонгос, арабын зургийн цуглуулгууд байдаг. Ямар ч том соёлд эротик, секс заавал багтсан байдаг. Эмэгтэй хүний сайхан биеийг харуулах гээд үргэлж л тийм байсан юм билээ. Энэ сэдэв үргэлжид хүний сонирхол татсаар ирсэн. 17,18 зууны монголчуудын эротик зураг гэж бас байдаг юм байна. Тэр үед монголчууд ном их судалдаг бас идэвхтэй орчуулдаг байсан. Нэг талаасаа нүүдэлчин байлдан дагуулагч мөртлөө нөгөө талаас номыг хүндэтгэдэг хүмүүс байж. Одоо бол байлдан дагуулагч ч биш номыг ч үнэлж мэдэхгүй хүмүүс болж дээ.
PLAYBOY: Таны эхнэр гадаад хүн. /түүний эхнэр Чех хүн бөгөөд монголч эрдэмтэн. Одоо БНЧУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд. сурв/
ДЭНЗЭН: Тийм
PLAYBOY: Европ болон монгол эмэгтэйн ялгаа юу байна?
ДЭНЗЭН: Мэдэхгүй. Над олон эхнэр байсан биш. Харьцуулах зүйл алга. /инээв/ Би эхнэртэйгээ ханилаад 23 жил болж байна. 3 хүүхэдтэй. Гэхдээ ийм байхаа, 1 -т би олон жил гадаадад байсан. Миний гэргий монголч эрдэмтэн. Монголоор ярьдаг, монголын түүх соёлыг сайн мэддэг болохоор энэ нь бидний харьцаанд их тус болдог байх.
PLAYBOY: Соёлын ялгаа зөрчил гардаг уу?
ДЭНЗЭН: Эхнэр маань Австри гаралтай чех хүн. Өвөг дээдэс нь австри, германаас орж ирсэн хүмүүс. Надад сурах юм их л байдаг байх, гэргий маань надтай танилцахаасаа өмнө монгол хэл сурчихсан докторын зэрэг хамгаалчихсан, монголд жил бүр ирдэг байсан. Зарим талаараа монголыг надаас илүү сайн мэддэг, тэр нь надад амар байдаг байхгүй юу, элдэв юм тайлбарлаад хэрэггүй байдаг юм. /инээв/
PLAYBOY: Энэ их чухал шүү.
ДЭНЗЭН: Их чухал. Гэр бүлийн маргаан жижиг зүйлээс л эхэлдэг байхгүй юу. Оймсоо тэр булангаасаа аваад угаалын өрөөнд оруулаачээ гэдгээс гарна. Халбага сэрээгээ байранд тавьсангүй гэж л маргадаг. Энэ бүхнээс эхлээд л дараа нь салдаг шүү дээ хүмүүс. Би сонгодог хөгжимд дуртай байхад эхнэр пoп сонсдог гэдгээс маргаан гардаггүй, аль намыг дэмжих нь ч чухал биш. Том зүйлд зарчим байдаг юм шиг хэрнээ жижиг зүйлээс болж гэр бүл салдаг.
PLAYBOY: Салалт гэснээс манайд гэр бүлийн салалт их байгаа гэж статистик хэлээд байгаа.
ДЭНЗЭН: Байнгын улс төрийн хямрал, байнгын эдийн засгийн хямрал, түүнээс болж байнгын нийгмийн хямрал, энэ нь гэр бүлийн хямралд хүргэж байна. Бид одоо хүртэл замаа олоогүй л яваад байгаа тийм үү?
PLAYBOY: Яг хаашаа яваад байгаа нь мэдэгдэхгүй л байгаа л даа.
ДЭНЗЭН: Чиглэсэн юм ч байхгүй байна. Засгийн газар гэдэг нь хоорондоо хэрэлдсэн хэдэн хүмүүс. Ухаантай 76 хүн нь өөртөө ямар ч хариуцлага авдаггүй улс. Хууль гаргаад л байна өөрсдөө зөрчөөд л яваад байна.
Гэр бүл нийгмийн хамгийн эмзэг сэдэв. Хайртай болчихдог. Дараа нь хүүхэд төрдөг. Тэгээд л цэцэрлэг сургуулийн проблем эхэлнэ. Аль нь ч сайн юм бүү мэд. Эрүүл мэндийн систем муу, сургуулийнх нь хуучирчихсан. Хотод хөдөөнөөс ирэгсэд олонх нь. Хаашаа юу руу чиглэхээ мэдэхгүй хүмүүс. Энэ ч сургууль зүгээр юм уу, тэр эмнэлэг зүгээр, энэ муу гээд таамаглаад л гүйгээд байдаг. Харанхуйд л тэмтчээд л яваад байна. Тодорхой хууль байхгүй. Монгол хүн угаасаа хууль дүрмэнд дургүй.
PLAYBOY: Дураараа чөлөөтэй хүмүүс үү?
ДЭНЗЭН: 5 настай хүүхэд чөлөөтэй дураараа тийм ээ. Юу ч мэдэхгүй ямар ч хариуцлага байхгүй болохоороо л чөлөөтэй байгаа юм шүү дээ. Ардчилсан эрх чөлөөтэй болох юмсан гэж би мөрөөддөг. Түүний ард тодорхой хуулиуд байдаг. Ямар хууль вэ гэдэг нь хүний өөрийн хариуцлагын тухай л юм. Ийм хуулиуд манайд байхгүй. Бөөн бөөнөөрөө автомашин унаад явж байна. Улаан ногоон гэрэл энэ чинь бидний амьдралын өдөр тутмын дүрэм, гэтэл цагдаа байхгүй бол юу болдгийг бид мэднэ. Баруун зүүн эргэх үедээ дохио өгдөг жолооч тун ховор. Мөргөлдчихөөд буруутай нь буруугаа хүлээхгүй. Бидний хамгийн том дутагдал бол хариуцлага хүлээж сураагүй явдал.
Өдөр болгон сайн байгаад байж болдоггүй юм уу. Биесээ хүндэтгээд айн! Заавал буяны ажлаар үүнийгээ харуулах шаардлага байгаа юм уу?
Манай энхрий хайрт ард түмэн маань хүүхдийн сэтгэлгээтэй юм даа гэж боддог болсон. Магтуулах дуртай, загнуулах маш дургүй. Урлагт "арт критик" гэсэн үг байдаг. Урлаг шүүмжлэл. Манайхан шүүмжлэл гэдгийг муугаар харж загнана гэж ойлгоод байдаг. Шууд гомдоно уурлана, яг хүүхэд шиг. Рубрук аль 800 жилийн өмнө бичсэн байдаг. Монголчууд бэлгэнд их дуртай, зөрүүд, тэвчээргүй, яахав сайхан хүмүүс гэж байгаа юм л даа, сайхан ууж наргих, тоглох, дуулах дуртай гээд л. Яг хүүхдүүд л байхгүй юу. Нэг сонирхлоосоо нөгөө рүү амархан үсэрдэг, юмыг дуустал удаан хийж чаддаггүй. Аягүй бол миний энэ ярьсныг жирийн нэг монгол хүн уншаад л уурлана.
Тариалангийн талбай дээр ажилладаг хүмүүс өөр юм шиг байна. Усалж. бордох, зэрлэг хог ургамлыг нь түүх гээд байнгын тордох шаардлагатай нэг хүний дийлэхгүй ажлыг бөөнөөрөө олон зуун жил хийсээр хүн хүнтэйгээ харьцаж чаддаг болсон юм уу даа. Социализмын нэг алдаа нь тэр үед хувь хүн ямар ч өмчгүй байсны илрэл юм болов уу даа гэж. Дээрээс нь нам нь толгой руу нь цохиод байдаг, хааяа одон медаль өгөөд баярлуулчихдаг. Өнөөгийн хүмүүсийн төрхийг хараад байхад нэг нэгнээ чин сэтгэлээсээ хүндэтгэж харьцаж байгаа зүйл байхгүй шүү дээ. Яахав цагаан сараар мэндчилгээний хэдэн үг хэлдэг л дээ. Ёс заншил гээд. Маргааш нь буцаад хуучин хэвэндээ орчихно.
Ганцхан тохиолдолд монголчууд бие биендээ сайн болчихдог. Хүн нас барахад!!! Буяны ажлын үеэр хараад байхад яасан ч сайн юм бэ нэг нэгэндээ гэмээр. Бүтэхгүй юм байхгүй, асуудалгүй. Заавал нэгнийгээ үхэхээр сайн болдог, гайхмаар. Өдөр болгон сайн байгаад байж болдоггүй юм уу. Биесээ хүндэтгээд айн! Заавал буяны ажлаар үүнийгээ харуулах шаардлага байгаа юм уу? Муу санаатай байна тийм ээ, би энийг хийчихвэл над буян болно гэдэг ч юм уу, эсвэл диваажинд очно гэж боддог байх. Хувиа хичээсэн, бас л чин сэтгэлээсээ хийхгүй байгаа шд үнэндээ.
PLAYBOY: Гайхуулах зүйл юу байна бидэнд?
ДЭНЗЭН: Хөх тэнгэр, цэвэр агаар, уул ус гэх байх л даа аягүй бол. Гол нуур усаа бүгдийг нь бохирдуулчихсан. Хаана л очно алт, уурхай энэ тэр гээд л байх жишээтэй. Гол ч байхгүй, загас байхгүй, ан гөрөө ч байхгүй болсон. Хөдөө гарвал хөх тэнгэр жаахан байна. Энэ байдлаараа эх орондоо хандаад байвал удахгүй саарал болох биз дээ.
PLAYBOY: Манай эрэгтэйчүүдийн байдлын тухайд та юу хэлэх вэ?
ДЭНЗЭН: 90 оноос 2000 он хүртэл би "Чөлөөт Европ" радиод олон жил ажилласан. Хуучин соц орны олон сэтгүүлчидтэй ажиллаж байсан. Тэд ярьдаг байсан. Социализм эрэгтэй хүнийг устгачихсан гэж. Эр хүн гэдэг чинь гэрийн эзэн, өмчтэй, өөрөө өөрийгөө авч явдаг хүн байсан шүү дээ. Тэр бүгдийг нь байхгүй болгочихсон. Хагас боол болгосон. Үр дүнд нь ихэнх нь архичин болчихсон байна, юм хийхээ больсон. Монголын хувьд бүр хэцүү юм болсон.
Эр хүн бол өөр. Сөрж босч ирээд л "алуулчихдаг".
Монгол дэлхийд хамгийн том гүрэн бий болгож байсан. Залуу цэргүүд Японоос Египет хүртэлх дайн байлдаанд үрэгдэж, үлдсэн нь тухайн нутагтаа суурьшсан. Дээрээс нь манжийн дарлал байна. Манжууд бол монголын гайгүй эрчүүдийг устгаж байсан. Дараа нь коммунизм орж ирсэн. Гайгүй номтой лам, сэхээтний төөрөгдөл гэсэн явууллага, сайн малчдын хувьд малыг нь хураагаад байхгүй болгосон. Тэгээд одоо юу хүсээд байгаа юм бэ? Ямар ч диктатор, махчин эмэгтэй хүнийг устгадаггүй юм байна лээ шд. Эмэгтэй хүн үр хүүхдээ л хамгаалдаг. Эр хүн бол өөр. Сөрж босч ирээд л "алуулчихдаг". Одоо сэргэлэн залуус гарч ирж байна л даа. Гэхдээ нөгөө "боловсрол". Боловсрохгүй бол буцаад л нөгөө зам руугаа орно доо. Өнөөдөр бол ухаантай номтой боловсролтой хүмүүсийн үе биш шүү дээ. Энэ чинь сэргэлэн хүмүүсийн үе. Тэдний үр хүүхдүүд сайхан сургуульд яваад гайгүй болох байх л даа. 19 зууны америкийг аваад үз.
Дахин хэлэхэд бидэнд эрүүл мэнд боловсролын шинэчлэл хэрэгтэй. Хувийн эмнэлэг сургууль гээд л байх юм. Ямар учиртай юм бүү мэд.
PLAYBOY: Таны хэлээд байгаа нөгөө сэргэлэн хүмүүс ажиллуулж байгаа байлгүй дээ.
ДЭНЗЭН: Тийм л байх. Оксфорд, Харвард шиг ганц нэг нь үлдэх байх л даа,100 жилийн дараа. Ихэнх нь цагийн шалгарлаар байхгүй болно. Хүлээхээс, үр хүүхэд маань үзэх биз дээ сайхан болох үеийг.
PLAYBOY: Үр хүүхэд гэснээс таны 3 дахь хүүхэд тавин насны тань босгон дээр төрсөн байхаа?
ДЭНЗЭН: Би 55 настай. Хамгийн бага хүүхэд маань 2 настай.
PLAYBOY: Амьдралд ямар өөрчлөлт гарч байна?
ДЭНЗЭН: Хэцүү болж байна./инээв/ Том охин маань 20 настай, хүү маань 19-тэй. Бага нь 2-той. Эхний 2 дээрээ залуу байсан болохоор илүү эрч хүчтэй л байсан юм билээ. Нэг насны зөрүүтэй хоёр хүүхэд дараалаад төрүүлчихсэн. Миний олон найз нөхөд өвөө эмээ болчихсон, харин би залуу аав болчихоод явж байна. Зарим талаараа их сайхан байна.
PLAYBOY: Санаа зовох зүйл байна?
ДЭНЗЭН: Үгүй энэ чинь бас нас биед хүргэчих юмсан гэж бодох юм. Би чинь тэнэг хүн юм болохоороо би төд наслах юм шүү гэж бодож чадахгүй л байна. Монгол хүн юм чинь./инээв/ Аяндаа болно биздээ гэж л бодох юм дотроо.
PLAYBOY: Эхнэр нөхрийн харьцаанд ямар өөрчлөлт гарч байна?
ДЭНЗЭН: Эхнэр маань өглөө гараад л орой ирнэ. Охинтойгоо өнгөрүүлэх цаг хомс. Тийм болохооор ажлаасаа ирээд л охиноо эрхлүүлэхийг бодно. Охин мэдээж жаахан даврахыг бодно. Тэгэхээр нь би хажууд нь Сталин багш шиг суух ёстой болно. Мэдээж нэг талаасаа би охиндоо хайртай, нөгөө талаар бол эрхлүүлж болохгүй. Өвөө маань /түүний өвөө бол зохиолч Бямбын Ринчен. сурв/ хэлдэг байсан.
Язгууртан хүн хүүхдээ эрхлүүлж болохгүй ээ гэж. Язгууртан гэдэг ван гүнг хэлж байгаа хэрэг биш. Ухаантай, боловсорсон хүмүүс хүүхдээ эрхлүүлдэггүй л гэж байгаа хэрэг л дээ. Хөдөөгүүр явж байхад мэдэгддэг дээ, жирийн нэг сайхан уужуу ухаантай, холыг харсан, сайхан сэтгэлтэй хүмүүс тааралддаг. Тийм хүмүүсийг л язгууртан гэж хэлдэг байх.
Залуу насандаа наргиж цэнгэж яваад нас ахихаараа чөтгөр лугаа ажилла гэж. Би яг тийм л явсан
PLAYBOY: Та 20 настайдаа ямархуу залуу байв?
ДЭНЗЭН: /бодолхийлэв/ Өнөөдрийн байгаагаасаа илүү боловсорсон нэгэн байжээ.
PLAYBOY: 30-тайдаа?
ДЭНЗЭН: Ер нь ийм үг байдаг. Залуу насандаа наргиж цэнгэж яваад нас ахихаараа чөтгөр лугаа ажилла гэж. Би яг тийм л явсан. /инээв/
PLAYBOY: Одоо ажиллаж байгаа гэсэн үгүү?
ДЭНЗЭН: Надад ажлаас өөр хобби байхгүй шд. Заавал нэг юм хийж суудаг. Би биллиард, хөзөр тоглодоггүй. Хөл бөмбөг спорт үздэггүй. Ямар ч хобби байхгүй, харамсалтай нь. Биллиард тоглож байгаа хүмүүсийг харахаар яаж ингэж цагийг дэмий өнгөрөөж байнаа гээд гайхдаг юм.
PLAYBOY: Сонирхдог зүйл юу байна?
ДЭНЗЭН: Морь унах дуртай, загасчилах дуртай. Мөөг түүх дуртай. Янз бүрийн нарийн ногоо даршлах дуртай. Max давсалж утах дуртай, түүнийгээ хадгална. Жилийн ажил болно шүү дээ. Гэхдээ 3,4 хоногийн дотор идчихдэг юмаа гэм нь. Найз нөхөд ирээд идчихдэг /инээв/
PLAYBOY: Бидэнтэй ярилцсан танд баярлалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!