Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өнгөрсөн жил Туул голын үерийн түвшин 311 см-т хүрч байсан бол өнөөдрийн байдлаар 30 см-аар даваад байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 23
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Туул голын усны түвшин өнөө өглөөний байдлаар үерийн аюултай түвшнээс 82 см-ээр даван үерлэж, эрэг дагуух амралтын газрууд усанд автсан учир холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж байна. Өнгөрсөн жил Туул голын үерийн түвшин 311 см-т хүрч байсан бол өнөөдөр 30 см-аар даван 342 см болж үерлээд байна. Эн талаар Улсын Онцгой Комисс (УОК)-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараар мэдээлэл, сэрэмжлүүлгийг өглөө. 

"Сүүлийн өдрүүдэд орсон борооны улмаас Хэнтийн нуруунаас усжих томоохон голууд үерийн түвшинд хүрсэн. Ялангуяа Тэрэлж, Улиастай, Сэлбэ, Туул голууд үерийн аюултай түвшинг даван онц аюултай хэмжээнд хүрээд байна.

Өнөө өглөөний хэмжилтээр Туул гол үерийн аюултай түвшинг 82 см-ээр давж, нийт 342 см-т хүрсэн байна.

Одоогоор Нийслэлийн онцгой комисс болон холбогдох мэргэжлийн байгууллагууд яаралтай арга хэмжээг авч ажиллаж байгаа.

Өчигдөр Налайх дүүргийн онцгой комисс, онцгой байдлын хэлтсийнхэн Тэрэлж орчимд усанд боогдсон иргэдийг авран хамгаалсан. Өнөөдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо Биокомбинатын орчимд усанд боогдсон айл өрх, амралтын газруудын 225 иргэнийг нүүлгэн шилжүүлээд байна.

Мөн Туул голын дагуух далангийн эрсдэлтэй цэгүүдэд бэхжүүлэх ажлыг хийж байна.

Иргэдэд сэрэмжлүүлж хэлэхэд, маргаашдаа Туул гол Төв аймгийн Алтанбулаг, Лүн сумдын нутаг орчимд хүчтэй үерлэх нөхцөл бүрдсэн. Ойрын өдрүүдэд орох борооны улмаас голуудын үерийн аюултай түвшин нэмэгдэх эрсдэл байгаа тул эрсдэлтэй бүсээс эд хөрөнгөө нүүлгэн шилжүүлж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулъя" гэв.