Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/23-НД НИЙТЛЭГДСЭН

Тэнгэрээс унасан сансрын хог хаягдалд гэрээ сүйтгүүлсэн Америк гэр бүл NASA-гаас $80,000 нэхэмжилжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Тэнгэрээс унасан сансрын хог хаягдалд гэрийнхээ дээврийг цөм цохиулсан АНУ-ын Флорида мужийн Нэйплс хотын нэг гэр бүл NASA-гаас хохирол барагдуулах $80,000 нэхэмжилжээ.

Хохирогч Алехандро Отеро болон түүний гэр бүлийн нэрийн өмнөөс шүүхэд гомдол гаргаж байгаагаа Cranfill Sumner хуулийн фирм өчигдөр мэдэгдсэн байна.

Дэлхийн тойрог замд байрладаг Олон Улсын Сансрын Станцаас 2021 онд хаягдсан ачааны тулгуур металл цилиндр 2024 оны гуравдугаар сарын 8-ны өдөр Отерогийн гэрийн дээрээс унаж байжээ.

Тухайн үед Отерогийн хүү Даниэл гэртээ байсан ч гэмтэж бэртээгүй байна. Гэхдээ тэдний гэрийн дээвэр, шаланд нүх үүсэж байжээ.

Сүүлд АНУ-ын сансрын агентлаг уг металл өөрийнх нь хөлгийн нэг эд анги болохыг шалгаж тогтоосноо зарлаж байв.

Металл цилиндр 700 грамм жинтэй, 10 см урт, 4 см диаметртэй байжээ.

“Миний үйлчлүүлэгчид энэ үйл явдлын улмаас тэдний амьдралд тохиолдсон сэтгэл санааны цочрол, эд материалын гэмтлийн төлөө зохих нөхөн төлбөр шаардаж байна. Энэ ослоос хэн нэгний бие махбодод гэмтэл учраагүйд тэд талархаж байгаа ч маш ноцтой гамшигт хүргэхэд ойрхон байсан гэж үзэж байгаа. Хэрвээ энэ хаягдал хэдхэн метр хазайсан бол ноцтой аюул болох байлаа” гэж Отерогийн гэр бүлийн өмгөөлөгч Мика Нгуен Уорти ярьсан байна.

Тэрбээр энэ хэргээр хувийн болон төрийн салбарт сансрын хог хаягдалтай холбоотой нэхэмжлэлийн жишиг тогтоох зорилготой байгаагаа онцолсон байна.

NASA уг нэхэмжлэлд зургаан сарын дотор хариу өгөх ёстой юм.

 

Эх сурвалж: Associated Press