Уншиж байна ...

Хүүхэд хүчирхийлэгчийг мэс заслын аргаар хөнгөлдөг АНУ-ын анхны муж Луизиана боллоо

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн этгээдийг мэс заслын аргаар хөнгөлөхийг хуулиар зөвшөөрсөн АНУ-ын анхны муж Луизиана болжээ.

Тус мужийн захирагч Жэфф Ландри өнгөрсөн Мягмар гарагт хуулийг баталсан тухай албаны эх сурвалж өчигдөр анх удаа мэдээлсэн байна.

Гэмт хэрэгтнийг ийм аргаар шийтгэхийг Чех, Нигери зэрэг дэлхийн зарим улс оронд хуульчилсан байдаг бол АНУ-д анхны тохиолдол болжээ.

Луизианагийн хууль энэ оны наймдугаар сарын 1-нээс үйлчилж эхлэх бөгөөд хүүхдийн эсрэг гэмт хэргийг бууруулах зорилготой гэнэ.

Шүүмжлэгчид энэ хуулийг АНУ-ын үндсэн хуулийг зөрчсөн “харгис” арга хэмжээ гэж үзэж байна.

Тиймээс хууль хэрэгжиж эхлэхээсээ өмнө эрх зүйн нэлээд саад бэрхшээлтэй тулгарч болзошгүй гэж тэд дүгнэжээ.

Шинэ хууль нь 13 хүртэл насны хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийллийн хүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд мэс заслын аргаар хөнгөлөх ял оноох боломжийг шүүгчдэд олгож байна.

Уг ялыг автоматаар оноохгүй, шүүгч хувь хүнийхээ үзэмжээр шийддэг байх гэнэ.

Одоо Луизиана мужийн шоронд ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн 2,224 хүн хоригдож байгаа. Гэхдээ хууль наймдугаар сарын 1-нээс хойш гэмт хэрэг үйлдсэн хүмүүст үйлчлэх юм байна.

Луизиана, Калифорни, Флорида, Техас зэрэг АНУ-ын цөөн хэдэн мужид зарим бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэгт химийн аргаар хөнгөлөх ял оноодог.

Хэрвээ яллагдагч өөрөө хүсвэл үүнийг мэс заслын аргаар солих боломжтой байдаг ажээ.

Харин шүүгчдэд ийм ял оноох эрх өгсөн анхны муж нь Луизиана болж байна.

Химийн арга нь тестостерон дааврын ялгарлыг зогсоох үйлчилгээтэй эм уулгах замаар хүний бэлгийн дур хүслийг бууруулдаг.

Харин мэс заслын арга нь хүний төмсөг болон өндгөвчийг мэсээр салгаж авах арга юм.

Хуулийн төслийг Бүгд Найрамдах Нам давамгайлдаг мужийн хууль тогтоох хоёр танхим хоёул олонхын саналаар дэмжсэн байна.

Эсэргүүцсэн цөөнхийн ихэнх нь Ардчилсан Намын гишүүд байжээ.

Уг хууль нь АНУ-ын үндсэн хуулийн заалтыг зөрчиж байж болзошгүй гэж зарим судлаачид үзэж байна.

Тухайлбал Элмхарстын Их сургуулийн философийн профессор Катрина Сифферд “амийг амиар төлөх” зарчимтай ийм шийтгэлийг АНУ-ын хувьд хэтэрхий харгис гэж үзэж байгаа аж.

“Бид хүчингийн хэрэг үйлдсэн этгээдийг хүчиндэж шийтгэдэггүй. Бид хулгайчийн гарыг огтолдоггүй” гэж тэр тайлбарлаж байна.

Луизиана бол гэмт хэрэгтэй тэмцэх хатуу бодлогоороо алдартай муж юм. Тухайлбал тус мужид цаазын ял гүйцэтгэхдээ азотын хийгээр хордуулах, цахилгаан сандалд суулгах аль аль аргыг хэрэглэдэг.

Энэ оны нэгдүгээр сард Луизианагийн захирагчийн ажлыг авсан Бүгд Найрамдах Намын улстөрч Жэфф Ландри гэмт хэрэгтэй хатуу тэмцэх бодлого баримталдаг юм.

 

Эх сурвалж: Associated Press