Уншиж байна ...
Зураг
Зураг

Дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн урт өдөр нийт цахилгаан эрчим хүчний 20 хувийг нарны эх үүсгүүр хангана

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 21-ний өдөр нь дэлхийн бөмбөрцгийн хойд хагасын хамгийн урт өдөр юм.

Энэ өдрийн цахилгаан эрчим хүчний дэлхийн нийт хэрэгцээний 20 хувийг нарны эх үүсгүүр хангах тооцоог Ember судалгааны хүрээлэн гаргажээ.

Энэ нь өнгөрсөн оны ижил өдрийнхөөс 16 хувиар өссөн үзүүлэлт юм байна.

Нарны эрчим хүч өнөөдөр хамгийн хурдтай өсөж буй эх үүсгүүр болоод байгаа нь технологийн өртөг буурч байгаатай холбоотой. 2050 он гэхэд хүн төрөлхтний цахилгааны хамгийн том эх үүсгүүр нар болох төлөвтэй байна.

Өнгөрсөн оны турш дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 5.5 хувийг нарны үүсгүүр хангасан нь түүхэн дээд үзүүлэлт болжээ. Ember байгууллагын мэдээлснээр өнөөдөр дэлхийн 34 улс цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 10-аас дээш хувийг нарнаас гаргаж байна.

Өнөөдөр дэлхий даяар суурилагдсан бүх нарны хавтангуудын 89 хувь нь бөмбөрцгийн хойд хагаст байрладаг тухай Ember бас мэдээлжээ.

Бүтэн хоногийн 24 цагийн хэрэглээгээр дундчилж тооцвол өнөөдөр нарны үүсгүүр дэлхийн нийт цахилгаан эрчим хүчний 8.2 хувийг хангах юм байна. Дээр дурдсан 20 хувь нь өдрийн цагийн хэрэглээнд эзлэх хэмжээ юм.

Энэ зургаадугаар сарын нийт хэрэглээнд нарны эх үүсгүүрийн эзлэх хэмжээ Хятад улсад 9.6 хувь, Европын Холбоонд 20 хувь, АНУ-д 6.9 хувь, Энэтхэгт 7.1 хувь байх тооцоог Ember гаргажээ.

“20 хувь нь дэлхийн цахилгаан эрчим хүчний чухал эх үүсгүүр нар болсныг харуулж байна. Батарейн өртөг буурснаар нар зөвхөн өдөр биш, шөнийн хэрэгцээг ч хангадаг болж байна” гэж Ember байгууллагын шинжээч Костанца Рангелова бичжээ.

 

Эх сурвалж: Reuters