Чингис хаан одонт "The Hu" хамтлаг эх орондоо хийх анхны бүрэн хэмжээний бие даасан тоглолтоо долдугаар сарын 10-нд "HIT Park Ulaanbaatar"-т толилуулна.
"The Hu" хамтлагийн ахлагч Ц.Галбадрах хэлэхдээ "Үндэсний их баяр наадмын үеэр задгай талбайн анхны тоглолтоо хийх гэж буйдаа өндөр сэтгэгдэлтэй байна.
Бид уран бүтээлээ 2016 оноос эхлүүлж байсан. Монголоос дэлхийд Хүннү рок хэмээх урсгалыг бий болгон манай хамтлаг байгуулагдсан.
Анхны бүтээл маань 2018 онд цацагдсан байдаг. Улмаар нэг үзэгчээс эхлээд “Юу вэ, юу вэ, юу” өнөөдөр 120 сая гаруй хандалт, "Чонон сүлд" 100 гаруй сая хүний хандалтыг авсан.
YouTube суваг болон бусад платформоор дамжуулан нийт клип, уран бүтээл маань 300 сая гаруй хүнд хүрлээ. Бид эх орондоо байгаа энэ цаг хугацаандаа задгай талбайн томоохон шоугаа зохион байгуулах болсондоо баяртай байна" гэлээ.
"The Hu" хамтлагийн гишүүн Г.Нямжанцан "Монголчуудтайгаа уулзах цаг мөчийг хүн болгонд хүргэхийг зорьж байна.
Бүх монголчуудтайгаа хамтдаа наадах боломж олдож байгаа нь гайхамшигтай" гэж хэллээ.
Мөн хамтлагийн продюсер, найруулагч нар ойрын 5-6 жилдээ Монголд ийм хэмжээний тоглолт хийхгүй байх гэдгийг дурдсан юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!