Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны сонгуульд Засгийн газрын 20 сайд нэр дэвшиж буй.
Өнөөдөр Үндэсний Аудитын Газраас сонгуульд нэр дэвшигчдийн зардал болон хандивын тайланг нээлттэй болголоо. Уг мэдээллээс сайд нарын хандивын мэдээллийг онцлон хүргэе. Нэр дэвшигчдэд иргэд хамгийн ихдээ 10,000,000 төгрөг, хуулийн этгээд бол 30,000,000 төгрөгийн хандив өгөх боломжтой байв.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд 27 иргэнээс 121,510,000 төгрөгийн хандив өгсөн байна. Мөн Ньюком ХХК, Нордроуд ХХК, Моннис Интернэшнл ХХК зэрэг долоон компани нийт 200,000,000 төгрөгийн хандив өгчээ.
Шадар сайд С.Амарсайханд 72 иргэн нийт 138,540,000 төгрөг хандивласан. МСТ ББСБ, Эн би си ХХК гэх хоёр компани нийт 54,000,000 төгрөг хандивлажээ.
Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт 62 иргэнээс 597,999,999 төгрөг хандивласан бол хуулийн этгээдийн тухайд Аз Өрнөх ХХК, Сам Нор ББСБ, Дестинейшн Монголия ХХК-аас нийтдээ 90,000,000 төгрөгийн хандив өгчээ.
Монгол Улсын сайд, Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгаланд 58 иргэн 414,050,000 төгрөгийн хандив өгчээ. Түүнчлэн Соёмбо принтинг ХХК, Чоко клаб энтертаймент ХХК, Ньюком ХХК, Моннис Интернэйшнл ХХК зэрэг 19 компаниас нийт 550,000,000 төгрөг хандивлажээ.
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт 61 иргэнээс 319,610,000 төгрөгийн хандив өгчээ. Мөн 11 аж ахуйн нэгжээс нийт 275,000,000 төгрөгийн хандив өгсөн байна. Тухайлбал Төгс өнгө компани таван сая төгрөг, Энержи ресурс ХХК, Юнайтэд пауэр ХХК, Ухаа худгийн ус хангамж ХХК, Мөнхийн үсэг ХХК зэрэг компани 30 сая төгрөгийн хандив өгсөн байна.
Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт 88 иргэнээс нийт 636,482,222 төгрөг хандивлажээ. Харин ямар нэг хуулийн этгээд мөнгөн хандив өгөөгүй байна.
Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярт 130 иргэн 547,621,441 төгрөгийн хандив өгсөн байна. Цэгээн хуст ХХК, Бүргэд реалти ХХК, Цэлмэг сора ХХК зэрэг найман компани тус бүр 30,000,000 төгрөг буюу нийтдээ 240,000,000 төгрөгийг хандивлажээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт иргэн болон аж ахуйн нэгжээс ямар ч хандив аваагүй байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн хандивын тайлангаа мэдээлээгүй байна.
Барилга, хот байгуулалтын сайд Ц.Даваасүрэнд 36 иргэнээс 281,800,000 төгрөгийн хандив илгээжээ. Мөн Энержи ресурс ХХК, Юнайтэд пауэр ХХК, Ухаа худгийн ус хангамж ХХК зэрэг хуулийн этгээдээс нийт 165,000,000 төгрөг хандивлажээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланд дөрвөн иргэн нийтдээ 40,000,000 төгрөгийн хандив, үүний дээр Гүүдсек ҮЦК ХХК, Дижитал повер ХХК, Эрчим сүлжээ ХХК, Агар энержи ХХК, Энержи ресурс ХХК, Ухаа худаг ус хангамж ХХК зэрэг 21 компани 620,000,000 төгрөг хандивлажээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэд 44 иргэн 254.4 сая төгрөг, хоёр хуулийн этгээд 60,000,000 төгрөгийн хандив өгчээ.
Сангийн сайд Б.Жавхланд 125 иргэн 818,098,996 төгрөгийн хандив өгсний зэрэгцээ Монвсат нэтворк ХХК 30,000,000 төгрөгийн хандивлажээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад 21 иргэн 89,120,000 төгрөг, үүний дээр Нано Фэшн ХХК 30,000,000 төгрөг хандивлажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярт 52 иргэн 226,719,714 төгрөг хандив илгээжээ. Мөн Смарт лаб ХХК, Эрчим ХХК, Тюлип ХХК зэрэг есөн хуулийн этгээдээс 240,000,000 төгрөгийн хандив өгсөн.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатарт нэг иргэн 3,500,000, Сээкл ХХК хэмээх нэг компаниас 30,000,000 төгрөгийн хандив өгчээ.
Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учралд гурван иргэн тус бүр 10,000,000 төгрөг өгсөн байна. Мөн Энержи ресурс ХХК, Юнайтэд пауэр ХХК, Ухаа худаг ус хангамж ХХК, Топ моторс ХХК зэрэг есөн компаниас нийт 270,000,000 төгрөгийн хандив өгчээ.
Соёлын сайд Ч.Номинд ямар нэг компани хандив өгөөгүй. Харин 16 иргэн нийтдээ 125,600,000 төгрөгийн хандив өгчээ.
Монгол Улсын Сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулгад 56 иргэн нийт 383,349,999 төгрөгийн хандив авсан. Түүнчлэн Энержи ресурс ХХК, Юнайтэд пауэр ХХК, Ухаа худгийн ус хангамж ХХК зэрэг 15 компаниас 430,000,000 төгрөгийн хандив өгсөн байна.
Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайханд 45 иргэн тус бүр 10,000,000 төгрөг буюу нийт 450,000,000 төгрөг хандивлажээ. Харин хуулийн этгээдээс хандив аваагүй байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!