Уншиж байна ...

Д.Ёндонжамц: Иргэдийн регистрийн дугаарыг ашиглаад хэнд санал өгснийг нь илрүүлэх боломжгүй. Иймэрхүү худал мэдээлэлд автахгүй байхыг хүсье

Э.Тэмүүлэн, iKon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал (УИХ)-ын ээлжит сонгуультай холбоотой цаг үеийн асуудлаар Хүний Эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК)-оос өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Энэ үеэр ХЭҮК-ын Захиргаа удирдлагын хэлтсийн дарга Д.Ёндонжамц "Ээлжит сонгуулийн үеэр хүний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэхийн тулд хуулиар чиг үүрэг хүлээсэн төрийн байгууллагуудтай ХҮЭК-оос зөвлөмж өгөх байдлаар хамтран ажилласан. Мөн сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг зохион байгуулсан.

Тухайлбал иргэдийн сонгох, сонгогдох эрхийн талаар Сонгуулийн Ерөнхий Хороо (СЕХ), Улсын Бүртгэлийн Ерөнхий Газар (УБЕГ), Цагдаагийн Ерөнхий Газар (ЦЕГ) болон холбогдох олон улсын байгууллагад хамтран ажилласан.

Түүнчлэн улс төрийн 22 нам, эвсэлтэй энэ оны эхээр уулзаж, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулахад хүний эрхийн асуудлаар анхаарах тал дээр зөвлөмж өгсөн. Энэ чиглэлээр хүний эрхийн асуудлаар тойм мэдээ бэлтгэж, нийт улс төрийн намуудад мэдээлэл өгсөн билээ.

УИХ-ын ээлжит сонгуулийн үеэр манай байгууллагаас хөндлөнгийн ажиллагчаар оролцохоор төлөвлөж байна.

Өмнөх буюу 2020 оны сонгуулиар хүний эрхийн зөрчилтэй холбоотой тайлан мэдээллийг танилцуулъя. Тус тайлангаас үзвэл ЦЕГ-т 2,500 гаруй гомдол, санал бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 182, зөрчлийн шинжтэй 2,387 гомдол бүртгэгджээ. 

Нэр дэвшигчийн нэр төрд халдсан, худал мэдээлэл цацсан асуудал нийт бүртгэгдсэн гэмт хэргийн шинжтэй илэрсэн зөрчлийн 35 хувийг эзэлсэн.

Тодруулбал

  • Бэлэн мөнгө, эд зүйлс - 27,
  • Нэр дэвшигчийн нэр төрд халдсан - 63
  • Самбар алдсан гэх - 47,
  • Сурталчилгааны материал санаатайгаар устгасан - 2,
  • Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сурталчилгаа явуулсан - 17,
  • Сонгуулийн хэсгийн хороонд танхайрсан - 3 гомдол цагдаагийн байгууллагад ирж байв.

Зөрчлийн шинжтэй гэх нийт ирсэн гомдлын 42 хувь нь сонгуулийн тухай хуулийг зөрчсөн буюу энэ төрлийн гомдлын тоо 1,000 орчим бүртгэгдсэн. Улмаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс зөрчлийн тухай хуулийн 17.1-д зааснаар хоёр хэрэг, 16.2-д зааснаар дөрөв, сонгогчдод эд бараа өгөх, хэлцэл хийсэн хэргээр дөрвөн хэргийг шийдвэрлэжээ.

2020 оны сонгуульд нэр дэвшсэн 600 гаруй хүнээс 469 нь сонгуулийн зардлын тайлангаа илгээсэн байдаг. Харин 137 нэр дэвшигч тайлангаа өгөөгүй гэсэн зөрчил илэрсэн. Тайлангаа өгөөгүй иргэдэд тухайн үед нь торгуулийн арга хэмжээ авсан аж.

2016, 2020 оны сонгуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх эрхийг бүрэн хангаагүй. Өөрөөр хэлбэл сонгуулийн санал авах байрны орц, гарц тэргэнцэртэй иргэдэд зориулагдаагүй асуудлаар бид СЕХ-д зөвлөмж хүргүүлсэн. 

Энэ удаагийн сонгуулийн сурталчилгааны үеэр хүний амь нас эрсэдсэн, архидаж согтуурсан зөрчил илэрсэн. Тиймээс ХЭҮК-оос дараах зөвлөмжийг иргэдэд хүргүүлж байна.

  • Улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчийг үзэн ядалт, хүчирхийлэлд уриалахгүй, бусдын нэр төрийг гутаах зорилготой худал мэдээлэл тараахгүй байх
  • Эмэгтэй улс төрчдийг харлуулах чиглэлээр мэдээлэл түгээхийг хориглох, хүйсийн ялгаагаар гутаан доромжлохгүй байх
  • Иргэдийг санал өгүүлэх зорилгоор санал авах байр луу зөөвөрлөхөөс татгалзах, нэр дэвшигчдийг багаар нь сонгох зэргээр сонгогчдын эрхэд хөндлөнгөөс нөлөөлөхгүй
  • Нэр дэвшигч нь өөрөө болон бусдаар дамжуулж сонгогчдод мөнгө, эд зүйл тараах, аливаа үйлчилгээг хөнгөлөлттэй болон төлбөргүй болгох, нийтийг хамарсан арга хэмжээг зохион байгуулах, ажлын байранд зуучлах, ажилд оруулах амлалт өгөх зэргээр хууль бус үйлдэл гаргахгүй байх
  •  Мөн хиймэл оюун ухаан, олон нийтийн сүлжээ ашиглаж үзэн ядалт, ялгаварлан гадуурхах, хүчирхийлэлд уриалахгүй, хүний эрхэм чанар, худал мэдээлэл агуулсан контент гаргахгүй байх
  • Иргэдийн хувийн мэдээллийг хууль бусаар ашиглахгүй байх
  • Төгсөгчдийн баяр, ургийн уулзалт нэрээр сонгогчдод нөлөөлөх, санал авах зорилгоор архидалт зохион байгуулахыг хориглох

Эцэст нь хэлэхэд иргэдийн регистрийн дугаарыг ашиглаад хувь хүний мэдээллийг цуглуулж буй явдал нь хууль бус үйлдэл. Иргэдийн регистрийн дугаарыг ашиглаад хэнд санал өгснийг нь мэднэ гэх мэтээр худал мэдээлэлд автахгүй байхыг анхааруулж байна. Техникийн хувьд энэ мэдээллийг гаргах боломжгүй" гэж ярилаа.