Уншиж байна ...

Э.Товуудорж: Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан тухай 100 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улсын Их Хурал(УИХ)-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. 

Энэ өдөр цагдаагийн 12,000 алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байгааг Цагдаагийн Ерөнхий Газраас мэдээлж, бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн талаар танилцуулав.

ЦЕГ-ын ажлын хэсгийн дарга, хурандаа Э.Товуудорж "Хэсгийн хорооны санал авах байрны хамгаалалтад 2,198, замын хөдөлгөөний зохицуулалтад 1,215, шуурхай удирдлагын штабт 5,600, гэмт хэрэг, зөрчлийг шалгах, сонгуулийн үеэр аюулгүй байдлыг хангахад 2,897 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. 

Гэмт хэрэг, зөрчилтэй холбоотой 1,104 дуудлага мэдээлэл улсын хэмжээнд бүртгэгдсэн. Үүнээс нийслэлд 665, орон нутагт 439 байна.

Цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн шинжтэй 420, зөрчлийн 684 дуудлага мэдээлэл хүлээн авч, холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байгаа. Гэмт хэргийн шинжтэй 420 мэдээллээс Эрүүгийн хуулийн 14.8 буюу нэр дэвшигчийн талаар илт худал мэдээлэл тараасан нь 259 буюу нийт мэдээллийн 61.7 хувийг эзэлж байна. Харин иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн үйл ажиллагаанд саад учруулах зүйл ангид 83 буюу нийт гэмт хэргийн шинжтэй гомдлын 19.7 хувь нь хамаарч байна" гэв.

Мөн тэрбээр "Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсан 100 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн нь буюу нийт зөрчлийн шинжтэй дуудлагын 23.81 хувийг эзэлж байна. Цагдаагийн байгууллага хуулийн хүрээнд холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна" гэв. 

17:00 цагийн байдлаар сонгогчдын ирц улсын хэмжээнд 49.4 хувьтай байлаа. Санал хураалт 22:00 цагт дуусна. 

ШУУД ҮЗЭХ:
https://www.facebook.com/gecmongolia/videos/1508821490053853