Уншиж байна ...

Г.Пүрэвдагва: Сонгуулийн хууль, тогтоомж зөрчсөн 200 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар хандсан

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Ардын Намын/МАН/ сонгуулийн төв штабаас цаг үеийн асуудлаар өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд хэвлэлийн хурал зохион байгууллаа.

МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва "Улс төрийн соёлын хувьд иргэд сонгогчдодоо таагүй мэдээ хүргэж буйдаа хүлцэл өчье.

Гэхдээ илтэд хууль зөрчиж буй үйлдэл баримтууд нотлогдож байгаа учраас энэ мэдээллийг хүргэхээс өөр аргагүй нөхцөл байдал үүслээ. 

Худал мэдээлэл түгээх, сонгогчдод дарамт шахалт үзүүлж буй үйлдэл, иргэдийг санал авах байр руу зөөх тохиолдол илэрч, баримтаар баталгаажаад байна.

Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж буй хууль бус үйлдэл нотлогдсон. Хуулийн байгууллагад шилжиж шалгах процесс эхэлсэн. 

УИХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрогт нэр дэвшигч Мөнгөнхуяг нь өөрийн нэрийн хуудсыг 20 мянган төгрөгийн хамт багц болгож иргэдэд тараасан үйлдэл баримтаар нотлогдлоо. 

Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад таван мянгатын дэвсгэрт бүхий 300 мянган төгрөг тараасан үйлдэл баримт нотлогдож, хуулийн байгууллагад шилжсэн. 

Баянхонгор аймгийн аравдугаар багт АН-аас нэр дэвшигчийг ухуулагч нар 100 мянган төгрөг тарааж байгаад үйлдэл дээрээ баригдсан. 

Өвөрхангай аймгийн сумдад тус бүр хоёр оюутныг "1000 оюутан" гэх тэтгэлэгт хамрагдуулна гэсэн зар мэдээллийг олон нийтийн сүлжээнд түгээж байна. 

"Сонгинохайрхан дүүргийн АН-ын ажиглагч нар өөдөөс чинь хараад сууж байна, АН-д саналаа өг. Ажиглагч хийж байгаа ярих боломжгүй" гэж 99789846 дугаараас мессэж бичсэн баримт бидэнд ирлээ. 

Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд тавьсан хууль зөрчсөн үйлдэл ил тод болсон. Мөн дөрөвдүгээр тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж "АН-аас ярьж байна. Та саналаа өгсөн үү" гэж асууж байна. 

Нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүрэг, Өвөрхангай, Өмнөговь, Баянхонгор аймагт улсын дугааргүй машинаар сонгогчдыг зөөж, багцалж саналыг нь өгүүлж байгаа дүр зураг удаа дараа ажиглагдлаа.

АН сонгуулийн хууль тогтоомжийг зөрчсөнөөс гадна олон нийтийн цахим сүлжээгээр МАН-ын нэр дэвшигчдийн нэр төр, алдар хүндэд халдсан үйлдлийг удаа дараа гаргасан.

Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандсан бөгөөд хуулийн байгууллагаас 300 гаруй цахим хаягийг хуурамч болохыг тогтоосон.

МАН-ын зүгээс сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн 200 гаруй зөрчил, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар төрийн эрх бүхий байгууллагад хандсан" хэмээн ярилаа.