Уншиж байна ...

Б.Батбаатар: Эх орон, нам, фракц, хувийн эрх ашиг гэсэн эрэмбийг захиж үлдээсэн С.Зориг агсны үзэл санааг үргэлжлүүлэх болно

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Иргэний Зориг Ногоон Намаас/ИЗНН/ сонгуулийн асуудлаар өнөөдөр 13:00 цагт хэвлэлийн хурал зохион байгууллаа.

Тус намын дарга Б.Батбаатар "Монголын иргэд сонгогчид бид зоригтойгоор сонголтоо хийлээ. ИЗНН-аас  13 тойрогт 59, намын жагсаалтаар 12 хүн нэр дэвшсэн юм.

Нэр дэвшигч 59 хүнд 269,469 хүн саналаа өглөө. Энэ удаагийн сонгуульд мөрийн хөтөлбөр, 23 хуулийн төсөл барьж, "Зоригтой бай" уриатайгаар орсон.

ИЗНН нам минималист, эко, шударга ёсны ардчиллын төлөөх нам. 

Урьдчилсан мэдээгээр намын дарга Б.Батбаатар, дэд дарга М.Нарантуяа, ерөнхий нарийн бичгийн дарга Р.Батболд, намын гишүүн С.Замира гэсэн дөрвөн хүн УИХ-ын гишүүн болохоор дэмжигдсэн байна.

Энэ сонгуульд бусад нам, нэр дэвшигчид рүү муу зүйл ярьж оролцоогүй. Тавьсан зам, чиглэсэн зорилгынхоо төлөө явсан.

Миний бие 2023 онд ИЗНН намын даргаар бүртгэгдсэн. Түүнээс хойш богино хугацаанд төрийн сонгуульд орохоор чадан ядан ажиллаж, мэрийж, баг хамт олон, нэр дэвшигчдийг бүрдүүлж иргэдийн итгэлийг авсандаа туйлын баяртай байна.

2023 оны арванхоёрдугаар сард ИЗНН олон түмний нам, ард түмний индэр болж байна гэдгийг зарлан тунхаглаж иргэдийг нэр дэвшихийг уриалсан юм.

МАН, АН-аас бусад Дээд шүүхэд бүртгэлтэй 35 намыг нэгдэж, сонгуульд оролцохыг уриалсан. 35 нам нэгдэж сонгуульд оролцсон бол улс төрийн цоо шинэ хувьсгал хийгдэх ёстой байсан. Харамсалтай нь чадаагүй.

Гэсэн хэдий ч иргэд, журмын нөхдийн дэмжлэгээр энэ удаагийн сонгуулийг давж чадлаа.

Сонгогчдын итгэлийг зөв, хариуцлагатайгаар тээж явж чадна гэдгээ илэрхийлж байна.

Эх орон, нам, бүлэг, фракц, хувийн эрх ашиг гэсэн эрэмбийн дарааллыг захиж үлдээсэн С.Зориг агсны үзэл санааг цаашид үргэлжлүүлэх болно. Бид С.Зориг агсны үр хүүхэд, дүү нь биш боловч үзэл санаа, мөн чанарыг тээгч ардчиллын төлөө нам гэдгээ ирж буй дөрвөн жилд нотолно.

2024 оны аравдугаар сард болох аймаг, сум, нийслэл, дүүргийн ИТХ болно. Намуудын бүтэц, тогтолцоо схемээр явсан хүмүүс ИТХ-д цөөн суугаасай гэж хүсэж байгаа. Иргэний зориг гаргаж намар болох орон нутгийн сонгуульд манай намаас нэр дэвшихийг уриалж байна. Бидний хаалга нээлттэй байх болно. Энэ нам дотор агаар цэвэр, шударга ёс ноёлдог, дүрэм, журам нь бүгдэд нээлттэй олон түмний нам болно гэдгээ илэрхийлж байна" гэж ярилаа.