Уншиж байна ...

Хүн ам зүйн хувьд устах эрсдэлтэй Өмнөд Солонгосын анхны том хот Бусан болжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хоёр дахь том хот Бусан хүн ам зүйн хувьд устах шатанд шилжсэнийг Баасан гарагт нийтлэгдсэн судалгааны үр дүн харуулжээ.

Тус улсын хувьд ийм үе шатанд шилжсэн анхны том хот (metropolitan city) Бусан болж байгаа юм байна.

Гуравдугаар сард Korea Employment Information Service байгууллагын гаргасан судалгаагаар тус хотын оршин суугчдын 23 хувь нь 65 ба түүнээс дээш настай болсноор хэт өндөр наслалттай (superaging society) Өмнөд Солонгосын анхны том хот болж байжээ.

Бусан хотын устах эрсдэлийн индексийг (extinction index) тооцоолохдоо 20-39 насны эмэгтэйчүүдийн тоог 65-аас дээш насны оршин суугчдын тоонд хуваасан байна. Ингэхэд 0.490 гэсэн үзүүлэлт гарч байгаа юм.

Устах эрсдэлийн индекс 1.5-аас дээш бол хүн ам зүйн аюулгүй, 1.0-1.5 бол хэвийн, харин 0.2-0.5 бол аюултай, 0.2-оос бага бол өндөр аюултай гэж үздэг байна.

Өмнөд Солонгосын үндэсний хэмжээний устах эрсдэлийн дундаж индекс 0.615 байгаа юм. Өнөөдрийн байдлаар Өмнөд Жолла 0.349, Умард Гёнсан 0.346, Ганвон 0.388, Умард Жолла 0.394 индекстэй байгаа нь үндэсний дунджаас доогуур үзүүлэлттэй дөрвөн муж юм байна.

Өмнөд Солонгосын нийт 288 хот, дүүргийн 11 нь өнгөрсөн оны гуравдугаар сараас хойш хүн амын бууралттай бүсэд тооцогдох болжээ.

Эдгээрийн найм нь том хотуудад байгаагаас дөрөв нь Бусан хотын дүүргүүд юм байна. Тус хотын оршин суугчдын тоо 1995 онд 3.88 сая байснаа 2023 онд 3.3 сая болж буурчээ.

 

Эх сурвалж: Yonhap News