Уншиж байна ...

Х.Лхагвасүрэн: Ард иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад нийт хилчдийнхээ өмнөөс харамсаж байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Үндэсний эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр өнөөдөр мэдээлэл хийх үеэрээ “Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой” хэмээн мэдээлсэн.

Уг мэдээлэлтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас дараах тайлбарыг хийлээ.

ХХЕГ-ын дарга, хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн “Үндэсний эвслийн тэргүүн Н.Номтойбаяр хил хамгаалах, шалган нэвтрүүлэх албаны талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Увс аймаг дахь Боршоо боомтоор олон тооны гэмт этгээд Монгол Улсад нэвтэрсэн мэтээр мэдээлсэн.

Шалган нэвтрүүлэх алба нь хөрш зэргэлдээ орнуудтайгаа нягт хамтран ажиллаж, гэмт хэрэг үйлдсэн, олон улсад эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн мэдээллийг солилцон хөрш зэргэлдээ орнууддаа нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авч ажилладаг.

Улсын хилийн асуудал нь өөрөө их эмзэг сэдэв. Хил хамгаалалттай холбоотой аливаа нэг мэдээ мэдээлэл буруу ташаа байвал улс оронд болоод олон улсад хор уршигтай юм.

Хэрэв ямар нэгэн сэжигтэй мэдээлэл ирсэн бол хууль хяналтын байгууллагуудад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл ард иргэдийг айдас хүйдэст автуулсан мэдээлэл цацаж байгаад хилчдийнхээ өмнөөс харамсаж байна. Энэ асуудлыг нэн даруй шалгаж, тогтоож өгнө үү гэж Тагнуулын Ерөнхий Газар, Цагдаагийн Ерөнхий Газарт хандаад байна" гэлээ. 

Манай улсад Монгол Оросын хилийн 10 боомт үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс Увс аймагт Давс сумын нутагт Боршоо, Тэс суманд Тэс боомт ажилладаг. Боршоо боомт нь Даваа-Бямба гарагт нийт зургаан өдөр ажилладаг байна. Тус боомтоор нэг сарын хугацаанд 10 орчим ОХУ-ын иргэн нэвтэрдэг /орсон, гарсан тоо/. 

Зургаадугаар сарын байдлаар тус боомтоор ОХУ-ын 5,701 иргэн орж ирсэн. Үүнээс одоогийн байдлаар 5,332 гарсан байна. 169 иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрт байна. Үүний 56 нь эрэгтэй, 81 эмэгтэй, 32 хүүхэд байна. 

Нарийвчлан үзвэл сонгуулийн сурталчилгааны хугацаа буюу зургаадугаар сарын 10-27-ны хугацаанд 3,708 ОХУ-ын иргэн орж ирснээс 1,369 нь эрэгтэй, 2,317 эмэгтэй, 22 хүүхэд байна. 

ОХУ-ын хуулийн дагуу таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, эрх хязгаарлуулсан хүн Монгол Улсын хилээр орж ирээгүй гэдэг мэдээллийг ХХЕГ-аас өглөө.