Уншиж байна ...

Н.Номтойбаяр: ОХУ-аас эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноор орж ирэх боллоо. Үүнийг хэн зохион байгуулаад байна вэ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

“Үндэсний Эвсэл”-ийн тэргүүн Н.Номтойбаяр УИХ-ын сонгуулийн үйл явцтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

Н.Номтойбаяр “Сонгуультай холбоотой зарим асуудлаар мэдээлэл хийх зайлшгүй шаардлага гараад байна. Сонгууль шударга явагдсангүй. Иргэд, сонгогчдын зүгээс хууран мэхэлж, талцуулахаас илүүтэй улс төрийн нам, эвслийн тэргүүнүүдийг бодлогын мэтгэлцээн хийхийг шаардсан. Гэвч сонгогчдын энэхүү шаардлагад хүндэтгэлтэй хандаж, өчигдөр болсон мэтгэлцээнд ирсэнгүй.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхээс өмнө хуулийн байгууллага тэр дундаа цагдаагийн байгууллага надад холбогдох хуулийн заалтыг зориудаар гуйвуулж, өөрсдөө хууль зөрчсөн. СЕХ гүтгэлэгт үндэслэж Д.Ганболд, П.Баярхүү нарыг хассан. Бид шүүхэд хандаж байж нэр дэвших эрхээ оройтсон хэдий ч олж авлаа. Гэвч бидэнд сонгуулийн үйл ажиллагаанд анхаарах боломж олгосонгүй. Иргэд, сонгогчидтойгоо төлөвлөгөөний дагуу уулзаж чадсангүй. Хамгийн сүүлийн нэр дэвшигч маань УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас 36 цагийн өмнө нэр дэвших эрхээ авлаа. Ийм байдлаар хууль, хүчний байгууллагынхан бидний сонгуулийн үйл ажиллагааг маш их сатааруулсан.

Хамгийн харамсалтай сурталчилгааны хамгийн хариуцлагатай үед цагдаагийн байгууллага СЕХ-ноос зөвшөөрөл авалгүйгээр “Үндэсний эвсэл”-ийн төв штаб руу дайран орж, битүүмжилж, бидний сонгуулийн үйл ажиллагааг тэр чигт нь зогсоосон. Үүнээс үүдэлтэй маш их хохирол учирсан.

Бид хуулийн байгууллагад, шүүхэд хандахаа мэдэгдэж байна.

Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон түүний хамсаатан эрүүгийн хэрэгт холбогдогч З.Энхболд тэргүүтэй эрүүгийн онц ноцтой хэрэгт шийтгүүлж байсан эрүүгийн элементүүдийг зохион байгуулалттайгаар ашиглаж, миний эсрэг маш их гүтгэлэг, хар пиар явууллаа. Энэ нь “Үндэсний эвсэл”-рүү чиглэсэн иргэд, сонгогчдын дэмжлэгийг төөрөгдүүлэх зорилготой. Үүнийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” тодотголтой Баатар тэргүүтэй хүмүүс гардан зохион байгуулсан.

Хэдийгээр өнөөдөр Монголд хуулийн байгууллага нь босоо удирдлагатай, Ерөнхий сайдын шууд удирдлага дор байдаг ч гэсэн энэ сонгуулийн үр дүнд шударга ёсны хэлтэрхий цухуйж, хуулийн байгууллага нь хүний царай харахгүйгээс хууль дээдэлж ажилладаг болно гэж найдаж байгаа.

“Үндэсний эвсэл” сонгуульд оролцохоор болсноос хойш миний утас, албан тасалгаа, явах маршрутын мөрдөж мөшгөх, чагнах, албан тасалгаанд тусгай төхөөрөмж суурилуулсан байж болзошгүй үйлдлүүд байгаа.

Өнгөрсөн өдрүүдэд ОХУ-аас Увс аймгийн боомтоор эрүүгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүд болох Тува иргэд Монгол Улс руу олноороо орж ирэх болсон. Энийг хэн зохион байгуулж, урьж залж оруулж ирээд байна вэ. Би үүнийг зүгээр нэг гудамжнаас сонсоогүй. Үүнийг хуулийн байгууллагынхан яаралтай шалгах ёстой.

Энэ сонгууль анхнаасаа шударга явагдаагүй. Үүнтэй холбоотойгоор эмх замбараагүй байдал үүсэхийг ч үгүйсгэхгүй байна. 2008 оны долоодугаар сарын 1-ний үймээн самуун давтагдахыг үгүйсгэхгүй. Хэрэв тийм зүйл болбол эрх баригч МАН түүний дарга Л.Оюун-Эрдэнэ шууд холбоотой. Үүнийг анхнаас нь хэлье" гэлээ.