Уншиж байна ...

П.Дэлгэрнаран: Хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүсээс саналын хуудасны талаар аман заавар авч болно

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт маргааш улс орон даяар зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга П.Дэлгэрнаран дараах мэдээллийг өглөө. 

Тэрбээр "Гадаад улсад амьдарч, ажиллаж буй иргэдийн саналыг авч дууссан. Энэ жилийн хувьд гадаадад буй оршин суугчдын оролцоо эрс өссөн. Саналаа өгөхөөр бүртгүүлсэн хүмүүсийн 74.5 хувь буюу 9,760 сонгогч сонгуульд оролцсон.

Гадаадад буй иргэдийн саналыг дипломат шуудангаар авч ирэх асуудлыг зохион байгуулж дууссан. Маргааш 22:00 цагт бүх хэсгийн хороо хаагдсаны дараа гадаадад ажиллаж, амьдарч буй иргэдийн саналын хуудсыг задалж, тоолно. 

Нийт 2.2 сая гаруй сонгогчийн 1.08 саяыг нийслэлийн 513 хэсгийн хороонд санал өгөхөөр зохион байгуулсан. Бусад нь аймаг орон нутгийн хэсгийн хороонд саналаа өгнө.

Сонгуулийн автоматжуулсан системийг санал өгөх, дүн гаргахад ашиглана.Үүнийг УИХ-аар шийдвэрлэсэн. Мөн сүлжээ байхгүй газар старлинк төхөөрөмжийг ашиглаж байгаа. 

Өмнөх сонгуульд ACP1 гэх төхөөрөмж ашиглаж байсан. Харин энэ жил ACP2 төхөөрөмжийг ашиглана. Энэ хоёр төхөөрөмжийн хооронд ялгаа байхгүй. Нэг сүлжээнд ашиглагддаг.

Улсын хил дагуу 12 газарт старлинк төхөөрөмж ашиглах боломжгүй. Тиймээс хуучнаар зөөж дамжуулах болно. 

Нийт 40 орноос 300 гаруй гадаадын ажиглагчид хүрэлцэн ирсэн. Европийн аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын ардчилсан институт, хүний эрхийн албанаас 198 хүний бүрэлдэхүүнтэй баг ирсэн. Европын парламентын төлөөлөгчид ирсэн юм.

Нам, эсвэл, ТББ, иргэдийн төлөөллөөс нийт 30 мянган ажиглагч ажиллана. Энэ бол бүх шатны сонгуулийн байгууллагад ажиллаж буй манай ажилчдаас их тоо юм. 

Сонгууль зохион байгуулалттай холбоотой эрчим хүчний хангамж, бороо хурын асуудлыг тооцож бэлтгэл ажлыг хангаж байна. Хэнтий аймгийн зарим үерлэсэн голын цаана сонгогчид боогдсон байдалтай байгаа. 

Тус иргэдийн санал өгөх боломжийг хангах үүднээс онцгой байдлын байгууллагаас баг гаргаж ажиллаж байна.

Саналын хуудсыг хэрхэн зөв дүүргэж будах талаар санал хураах байрны гадна талд заавар байршуулсан.

Мөн санал өгөх бүхээгт очиход дахин нэг заавар байгаа. Үүнтэй сонгогчид сайн танилцаж саналаа өгөөрэй. Болохгүй бол хэсгийн хороонд ажиллаж буй хүмүүсээс аман заавар авч болно" хэмээн ярилаа.