Уншиж байна ...

МАН ₮3.6 тэрбумын хандив цуглуулж ₮30 саяыг буцаасан бол АН ₮905 саяын хандиваасаа ₮766 саяыг буцаасан гэж тайлагнажээ

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 6 сарын 27
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын Их Хурлын 2024 оны сонгуульд оролцож буй нам, эвслүүдийн хандив болон зарцуулалтын тайланг аудитын байгууллагаас нээлттэй мэдээлэв. 

Тус мэдээллийг iKon.mn сайтын Сонгууль 2024 хуудаст эмхэтгэн танилцуулж байна. 

Сонгууль 2024 хуудасны Нам, эвсэл хэсгээс сонгосон намынхаа мэдээллийг доош гүйлгэн тухайн намын хандив болон зардлын тайлантай танилцана уу. Нам, эвслийн танилцуулгын доор хандив, зардлын тайлан харагдахгүй бол тухайн нам, эвсэл тайлангаа гаргаагүй гэсэн үг юм. 

Нам, эвслийн авсан хандив болон сонгуулийн зардлын зарцуулалтын явцын тайлангаас зарим мэдээллийг хүргэж байна. Тухайлбал, МАН 214 хувь хүнээс тус бүр 10 сая төгрөг, нэг иргэнээс 5,000 төгрөг, 49 аж ахуйн нэгжээс тус бүр 30 сая төгрөг нийт 3,610,005,000 мянган төгрөгийн хандив авснаа тайлагнажээ. Үүнээс 30 сая төгрөгийг буцаасан байна.

Харин 2,433,230,000 төгрөгийн зардал гаргасан байна. Үүнд:

  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах 67,650,000
  • Намын далбааг гудамж, талбайд байршуулах, таних тэмдэг, уриа ашиглах зардал 390,500,000
  • Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал 155,000,000
  • Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах 1,293,580,000
  • Цахим орчин ашиглах зардал 451,500,000
  • Өдөр тутмын сонин болон бусад сэтгүүлд материал нийтлүүлэх зардал 75,000,000

Ардчилсан Намын тухайд 85 иргэнээс тус бүр 10 сая төгрөг, нэг иргэнээс 4 сая, нэг иргэнээс 1,658,300 төгрөг, хоёр аж ахуйн нэгжээс тус бүр 30 сая төгрөг нийт 905,658,300 төгрөгийн хандив хүлээн авсан байна. Үүн дээр намын өөрийн хөрөнгө болох 650,000,000 төгрөгийг нэмж тайлагнажээ. Мөн 768,000,110 төгрөгийн хандивыг буцаасан гэж аудитын байгууллагад тайлагнасан байна. Тус намын зардлыг танилцуулбал, 

  • Сонгуулийн сурталчилгааны материал хэвлүүлэх, сонгогчдод тараах 1,203,022,000
  • Сонгууль эрхэлсэн байгууллагын үйл ажиллагааны зардал 35,978,350
  • Сонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах 1350,000,000
  • Цахим орчин ашиглах зардал 1,658,300 төгрөг тус тус зарцуулжээ.