Уншиж байна ...

"Гол гатлахад ямар ч туулах чадвар сайтай машины дугуйн тал орчмыг ус давахад урсчихдаг"

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өнөөдрийн байдлаар Туул гол Лүн сум орчим, Халх голын усны түвшин өмнөх өдрөөсөө 10-30 сантиметрээр нэмэгджээ.

Түүнчлэн Хүдэр, Хараа, Туул, Сөгнөгөр, Хэрлэн, Халх гол үерийн түвшнийг 5-40 сантиметр, Балж, Онон голын ус үерийн аюултай түвшнийг 5-45 сантиметрээр давсан байна. 

Гол үертэй байгаа үед машин, морь, мотоциклоор гатлахгүй байхыг мэргэжлийн байгууллагаас зөвлөлөө.

Энэ талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын хэлтсийн дарга, хурандаа Д.Бат-Эрдэнэ "Гол, мөрний ус үерийн аюултай түвшнийг давсан үед тээврийн хэрэгслээр ус гатлахыг хориглоно.

Ямар ч туулах чадвар сайтай машины дугуйн 30 сантиметр буюу тал орчмыг ус давахад урсах, хөвөх эрсдэлтэй байдаг. Учир нь усны урсцын хурд их байдаг тул түвшнээс шалтгаалахгүй машин урсчихдаг. Ус гүехэн байна гэж туулах үйлдлийг битгий хийгээрэй.

Морь, мотоциклоор ус туулж гарах гэж байгаад эндсэн тохиолдол цөөнгүй бий.

Үерийн ус гүехэн гэж багаддаггүй" хэмээн сэрэмжлүүллээ.