Уншиж байна ...

Германы 95 настай “нацист эмээ” шүүхээс дахин ял сонсжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг

“Нацист эмээ” хэмээн алдаршсан Германы өндөр настан дэлхийн хоёрдугаар дайны үед Холокост (жүүдүүдийг аймаглан устгах ажиллагаа) болсныг үгүйсгэснийхээ төлөө шийтгүүлж байсан бөгөөд өчигдөр шүүхээс дахин ял сонссон байна.

Хамбург хотын шүүх 95 настай Урсула Хавербект энэ удаа 16 сарын хугацаатай хорих ял оноожээ.

Хавербек өмнө нь ижил үйлдлийнхээ төлөө шийтгүүлж байсан, шүүхийн хянан шийдвэрлэх ажиллагааг өөрийн үзэл бодлыг цааш түгээн дэлгэрүүлэхэд ашигласан зэргийг энэ удаа яллах үндэслэл болгосноо шүүх тайлбарласан байна.

Яллагдагч шүүх хурлын үеэр Холокостын талаар өмнө нь ярьж байсан зүйлсээ хэд хэдэн удаа давтаж байжээ.

“Нацист эмээ”-г дэмжигчид шүүх хурлын ажиллагааг тасалдуулахыг оролдсон байна.

зураг
 

Хавербек нэг үе нацист үзэл суртлыг дэлгэрүүлэх зорилготой сургалтын төв ажиллуулдаг байсан нь 2005 онд хаагдаж байжээ.

Тэрбээр бас телевизээр “Холокост бол түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн удаан яригдсан худал зүйл юм” гэж зарлаж байв.

2015 онд Аусшвицийн хорих лагерийн харгалзагч асан Оскар Грёнингийн шүүх хурлын үеэр хэлсэн зүйлийнхээ төлөө Хавербек анх шийтгүүлж байжээ.

Тухайн үед тэр Аусшвиц бол ердийн хөдөлмөрийн лагерь байсан, тэнд ямар ч аллага болоогүй гэж ярьж байсан гэдэг.

Өчигдөр шүүхээс оноосон ялыг Хавербек биеэр эдлэх эсэх нь тодорхойгүй байна.

Польшийн эзлэгдсэн нутаг дэвсгэрт оршиж байсан Аусшвицийн хорих лагерьт 1.1 сая хүн алагдсаны ихэнх нь жүүд хүмүүс байсан юм.

Германы хуулиар Адольф Хитлерийн дэглэмийн үед үйлдэгдсэн гэмт хэргүүдийг үгүйсгэхийг хориглодог.

Тухайлбал Холокостыг үгүйсгэсэн хүнийг тав хүртэл жил хорих ялаар шийтгэдэг байна. Бас хас тэмдэг гэх мэт Нацист бэлгэдлүүдийг хэрэглэхийг хуулиар хориглодог юм.

 

Эх сурвалж: AFP