Уншиж байна ...

Малайзын баялгийн сангаас хулгайлсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг буцаан шилжүүлжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 6 сарын 27
iKon.MN
Зураг зураг
Малайзын баялгийн сангийн хөрөнгийг завшсан гол хүн гэгддэг Жо Лоу

АНУ-ын хууль зүйн яам эрэн сурвалжлагдаж буй санхүүч Жо Лоу болон түүний төлөөний хүмүүстэй тохиролцсоны үндсэн дээр Малайзын баялгийн сангийн хулгайлагдсан мөнгөтэй холбоотой $100 гаруй саяыг Малайзын засгийн газарт буцаан шилжүүлэхээр болжээ.

1MDB гэгддэг төрийн өмчийн сангаас 2012-2013 онуудад нийтдээ $4.5 тэрбум алдагдсан байдаг. Энэ хэргийн гол сэжигтэн болох Лоу (бүтэн нэр нь Лоу Тэк Жо) гадаадад дүрвээд эрэн сурвалжлагдаж байгаа бөгөөд хаана байгаа нь одоо болтол мэдэгдэхгүй байгаа юм.

Малайзын засгийн газарт шилжүүлэх мөнгөний $35 сая орчмыг Энди Уорхол, Клод Моне нарын уран зургууд, Парис хотод оршдог тансаг орон сууцыг зарж борлуулах замаар бүрдүүлжээ.

Эдгээр хөрөнгийг Лоу хулгайн мөнгөөр худалдан авч байсан юм байна.

“Үл хөдлөх хөрөнгө, урлагийн бүтээлүүдээс гадна Хонконг, Швейцар, Сингапурын банкуудад байршиж байсан нийт $67 сая орчмыг Малайзын талд шилжүүлэхээр талуудтай тохиролцлоо” гэж АНУ-ын хууль зүйн яамны мэдэгдэлд дурджээ.

АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн хугацаанд нийтдээ $1.4 тэрбумыг Малайзын талд буцааж шилжүүлсэн юм.

Баялгийн сангаас хулгайлагдсан мөнгө цөөн тооны нөлөө бүхий хүмүүсийн халаасанд орж, өндөр үнэтэй үл хөдлөх хөрөнгө, хувийн нисэх онгоц, урлагийн бүтээл зэргийг худалдаж авахад зарцуулагдсан гэж Малайзын прокурорууд үздэг байна.

 

Эх сурвалж: BBC