Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баттөмөр: Г.Сайханбаяр гэдэг хүний нэрийг МАН өөрсдөө гаргаж ирсэн

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Ардчилсан Намаас жагсаалтаар нэр дэвшиж байгаа Б.Баттөмөр өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, тус намын байр суурийг илэрхийллээ.

Тэрбээр "Хэдэн зүйлийг тодорхой болгохоор хэвлэлийн хурал зарлалаа. 2024 оны зургаадугаар сарын 15-16-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Сант сумын АН-ын дарга амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. АН-ын удирдлагууд болон нэр дэвшигчид Сант суманд очиж эмгэнэл илэрхийлэхээс гадна хэвлэлд байр сууриа илэрхийлсэн байгаа. Байр сууриа илэрхийлэх явцад хэд хэдэн өгүүлбэр хэлснийг МАН-ын удирдлагуудын зүгээс мушгин гуйвуулах, өөрөөр тайлбарлах хандлага ажиглагдлаа.

Тухайлбал өчигдөр МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, нэр дэвшигч Д.Амарбаясгалан, тус тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр гэж хоёр хүн тус тусдаа мэдээлэл хийсэн. Энэ хоёр хүн хэвлэлийн хурал хийх үеэрээ "Энэ нь улс төрийн захиалгат аллага юм" гэсэн нэр томьёог ашигласан. 

АН-ын зүгээс "улс төрийн аллага" гэдэг нэр томьёог ашигласан юм. Талийгаач МАН-аас зохион байгуулж байгаа хурал цуглаанд очихгүйгээ илэрхийлснээс болж амь хохирсон.

Санаатайгаар эс бол буруу ташаа ойлгож улс төрийн захиалгат аллага гэдэг нэр томьёог ашигласан болов уу гэж бодож байна.

Мөн АН-ын удирдлага, нэр дэвшигчид байр сууриа илэрхийлэхдээ "Хэн ийм үүрэг, даалгавар өгснийг тодорхойлоорой" гэж хэлснийг захиалга гэж тайлбарлаж байх шиг байна. Тухайн гэмт хэрэг холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хэрэгтэй гэдэг үүднээс хэн ийм үүрэг, даалгавар өгсөн нь чухал.

Сонгууль болоход улс төрийн намууд, менежер, шадар туслах, ухуулагч нарт иргэдтэй болон өөр намынхантай хэрхэн харьцах тухай сургалт ордог. Харамсалтай үйл явдлаас дүгнэхэд МАН сонгууль зохион байгуулах үйл явцдаа том алдаа гаргасан учраас хүний эрдэнэт амь эрсэдсэн.

Тухай тойргийн сонгуулийн менежер улс төрийн хариуцлага хүлээж, ажлаа өгөх ёстой гэдэг байр суурийг АН-ын удирдлага, нэр дэвшигчдээс илэрхийлсэн юм.

Хэдхэн хоногийн өмнө АН-ын удирдлагууд, нэр дэвшигчид, гишүүд энэхүү индэр дээрээс ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцор гэж мэдэгдсэн. Энэ нь сонгууль зохион байгуулах явцад алдаа гаргасан учраас хариуцлага хүлээ гэсэн байр суурь юм.

Нэр дэвшигч Д.Амарбаясгалан, тус тойрогт нэр дэвшигч Г.Сайханбаяр хоёрын өчигдөр тусдаа хийсэн мэдэгдлээс харахад Г.Сайханбаяр гэж хүнийг АН онцгойлон нэр цохож, дурдсан маягтай хэлж байсан. Сант суманд хийсэн мэдэгдлийн үеэр тус тойрогт нэр дэвшиж байгаа 9 хүний нэрийг татах хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Г.Сайханбаяр гэдэг хүний нэрийг МАН өөрсдөө гаргаж ирсэн. Буруутныг МАН өөрсдөө тодорхойлсон гэж хэлж болно.

Нийгмээ хуваах байдлаар иргэдийн 50%-ийн саналыг авах технологи хоцрогдсон. Хар PR-аа зогсоох, нийгмээ талцуулахгүй, мэтгэлцээндээ оролцохыг АН-ын зүгээс уриалж байна.

Хөдөө орон нутагт нийгмийг гүнзгий хоёр хувааж байгаа нь ямар үйл явдалд хүргэдгийг харж байна" гэж ярилаа.