УИХ-ын сонгуультай холбогдуулан эрх нь хязгаарлагдсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэх талаар Хүний Эрхийн Үндэсний Комисс хэвлэлийн хурал зохион байгууллаа.
Энэ үеэр ХЭҮК-ын гишүүн Б.Энхболд "Эрхээ хязгаарлуулсан иргэдийн сонгох эрхийг бүрэн эдлүүлэхэд төрийн холбогдох байгууллагууд анхаарч ажиллах шаардлагатай байна.
Тухайлбал захиргааны журмаар албадан эмчлэгдэж байгаа, эрүү болон зөрчлийн хэргийн улмаас баривчлагдсан, цагдан хоригдсон иргэд сонгуулийн тухай хуульд заасны дагуу санал өгөх эрхтэй.
Хорих 461 дүгээр ангиас өнөөдрийн байдлаар 260 орчим иргэд сонгуульд оролцох хүсэлтээ хорих байгууллагын удирдлагад өгсөн байна. Тус хүсэлтийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас санал өгөх зохион байгуулалтын арга хэмжээг авч, бэлтгэл ажлыг хангажээ.
Энэ нь иргэдийн сонгох эрхийг зөрчих, бусдын нөлөөнд орж сонголт хийх, сонгох эрхээ эдлэхгүй байх эрсдэлийг үүсгэж байна. Тиймээс 21 аймагт буй цагдан хорих төв, баривчлах байр, өөрийн сайн дураар гарч орох боломжгүй иргэдийн сонгуулийн талаарх мэдлэг, хандлага, эрхийг танилцуулах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй.
Төрийн цэргийн байгууллагад алба хааж буй хугацаат цэргүүд бие даагч, нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцах боломжоор хангаж ажиллахыг зөвлөж байна. Хугацаат цэргийн алба хаагч саналаа нууцаар чөлөөтэй өгөх боломжийг бүрдүүлэх эрхэд хөндлөнгөөс нөлөөлөх нь хууль бус үйлдэл юм" хэмээн ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!