Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/06/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Өчигдөр Эмээлт, 361-ийн гарам орчмоор цаг үргэлжилсэн борооны үеэр 20 удаагийн дуудлага ирсэн. Үерийн нөхцөл үүсээгүй"

Б.Манлай
2024 оны 6 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Улаанбаатарт өчигдөр орсон борооны үеэрх нөхцөл байдлын талаар Нийслэлийн Онцгой Комиссын нарийн бичгийн дарга Д.Оюунбат мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр Улаанбаатар хотын Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээр бороо орлоо. Эмээлт, 361-ийн гарам орчмоор нэг цаг үргэлжилсэн бороо орсон. Энэ үеэр онцгой байдлын байгууллагад 20 удаагийн дуудлага ирлээ. Хашаа, гэрт нь ус ороод гарсан, зам дээр тогтсон усанд машин боогдсон дуудлага мэдээлэл ирсэн бөгөөд зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.

Харин хоёр дуудлагын дагуу ус соруулах ажлыг зохион байгуулсан. Дуудлага өгсөн айлуудын зарим нь үерийн эрсдэлгүй буюу уулын энгэр газарт байгаа хэрнээ ус орж ирсэн байна. Үерийн нөхцөл байдал үүсээгүй.

Үерийн эрсдэлгүй бүсэд буй айл руу уулын ус урсаж орох нөхцөл байна. Харин үерийн бүсэд байгаа айл өрх их хэмжээний борооноор усанд автах эрсдэлтэй" гэж ярилаа.

Цаг уурын байгууллагаас өгсөн мэдээллээр зургаадугаар сарын 20-21-нд шилжих шөнө Улаанбаатар хотод үргэлжилсэн, аадар бороо орно. Энэ шөнө үерийн болзошгүй аюулаас сэргийлэхийг зөвлөж байна. Мөн зургаадугаар сарын 22-ны үдээс хойш Улаанбаатарт үргэлжилсэн бороо орох төлөвтэй.

Иймд орон сууцны хорооллын СӨХ, контор иргэдтэй хамтарч гараашиндаа ус оруулахгүй байх арга хэмжээг авах хэрэгтэйг хэллээ.

Өнөөдөр Улаанбаатар хот орчмоор 13:00-15:00 цагийн хооронд түр зуурын бороо орохыг ЦУОШГ-аас мэдээлсэн. Иймд болзошгүй үерийн аюулаас урьдчилан сэргийлэх зөвлөмж хүргэж байна

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлах
  • Орон сууцны хорооллын гарааш, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Аянга цахилгаанаас сэргийлэн, гар утас, бусад богино долгионы эд зүйлсээс хол байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг НОК-оос зөвлөж байна.