“Соронзоор загасчлах” этгээд сонин хоббитой хос хоёр Нью-Йорк хотын нэг нуурын ёроолоос $100,000 бүхий сэйф олжээ.
Жэймс Кэйн, Барби Агостини нар үзүүрт нь соронз бэхэлсэн олсыг Баасан гарагт Күинс дүүргийн “Flushing Meadows Corona Park” цэцэрлэгт хүрээлэнгийн нуурт хаяад үүнийг олсон байна.
Сэйфийг нээхэд усанд норж гэмтсэн олон боодолтой $100,000 бэлнээр гарчээ.
Тэд олдвороо хотын цагдаагийн газарт мэдэгдсэн ч үүнийг ямар нэг гэмт хэрэгтэй холбоогүй тул өөрсдөө авахыг зөвшөөрсөн байна.
“Бид өмнө нь маш олон сэйф олж байсан. Гэхдээ энэ удаа доторхыг нь хараад гайхсан. Норж, ашиглах аргагүй болтлоо гэмтсэн олон боодол зуутын дэвсгэрт сэйфэнд байсан. Сэйфэнд ямар ч хүний нэр хаяг, бичиг баримт байгаагүй. Цагдаа нарт мэдээлэхэд бидэнд бараг л баяр хүргэсэн” гэж тэд ярьжээ.
Хүчтэй соронз уясан олсыг нуур, гол руу хаяад наалдсан металл эд зүйлсийг гаргаж авдаг ийм сонирхлыг “Соронзон загасчлал” (magnet fishing) хэмээн нэрлэдэг.
Кэйн, Агостини нар цар тахлын үеэр ийм өвөрмөц сонирхолтой болсноосоо хойш дэлхийн хоёрдугаар дайны үеийн гар бөмбөг, арван есдүгээр зууны үеийн галт зэвсэг, бүтэн мотоцикл зэрэг эд зүйлс олж байжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!