Харшлын үед хоол хүнсэндээ хэрхэн анхаарах талаар Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (НЭМҮТ)-ийн ХСХАБА-ны эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболор дараах зөвлөмжийг хүргэж байна.
Хүнсний харшил нь хоол хүнсэнд агуулагдах тодорхой уургийн эсрэг бие махбодын дархлаа тогтолцооны хэвийн бус хариу урвалын үр дүнд үүсдэгийг тэрбээр ярианыхаа эхэнд хэлж байлаа.
Хүнсний харшлын үед илрэх шинж тэмдэг:
- Арьсан дээр тууралт гарах, улайх, хавагнах, загатнах
- Хацар, уруул, хэл эсвэл биеийн аль нэг хэсэг хавагнах
- Ам, хоолой загатнах
- Амьсгал давчдах
- Амьсгал богиносох
Харшлын шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс:
- Хоол тэжээл нь уураг, нүүрс ус, өөх тос, төрөл бүрийн амин дэм, ус, эрдэс бодисоос бүрдэнэ.
- Хоол хүнсний гаралтай харшил нь хоол боловсруулах замын ферментүүдийн үйлчлэл болон хүчиллэг орчинд тэсвэртэй, өндөр температурт тогтвортой, усанд уусамтгай шинж чанартай байдаг.
- Насанд хүрсэн хүн ихэвчлэн далайн гаралтай хүнс, загасны мах, наймаалж, самар, хушга, наранцэцгийн үр, модны самрын харшилтай байх тохиолдол ажиглагддаг.
Харшлын үед хэрэглэж болохгүй хоол, хүнс:
- Өндөг, өндөг орсон бүтээгдэхүүн
- Халуун ногоотой, шарсан утсан хиам
- Хийжүүлсэн ундаа, жүүс, квас
- Архи, дарс, шар айраг
- Кофе, шоколад
- Зөгийн бал, хатуу чихэр, бялуу
- Лимон, жүрж
Мөн гүзээлзгэнэ, бөөрөлзгөнө, чангаанз, тоор, анар, усан үзэм, чацаргана, киви, тарвас болон лаазалсан бүтээгдэхүүн, дарсан ногоо, далайн гаралтай бүтээгдэхүүн, бяслаг, майонез зэргийг харшлын хариу урвал илэрсэн үед хүнсэндээ хэрэглэхгүй байхыг зөвлөлөө.
Ургамлын гаралтай харшил:
- Долдугаар сарын 20-ноос наймдугаар сарын 30-н хүртэл лууль, цэцэглэх ургамал
- Долдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 10-н хүртэл шарилж, харшил үүсгэгч ургамлын харшил хөдөлдөг.
Энэ тухай "Хэрэв та хөл газрын ургамлын харшилтай бол тарвас, наранцэцгийн үр, халва, майонез, амтат гуа, хулуу, гич, наранцэцгийн тос, цагаан гаа, гоньд саримс, архи, согтууруулах ундаанаас болгоомжлоорой.
. Орчны бохирдол буюу утаа, тоос, шороо, ургамал ихтэй нөхцөлд тухайн орчноос аль болох зайлсхийх нь зүйтэй. Ийм орчинд хүмүүс харшламтгай болох магадлалтай.
Сорил тавиулж, харшлын гарлыг мэдсэнээр тухайн харшил үүсгэж байгаа бүтээгдэхүүн болон орчноос өөрийгөө сэргийлэх боломжтой. Мөн харшлын урвал нэгэнт илэрсэн бол мэргэжлийн эмчид үзүүлж, цаашид харшлыг хүндрэхээс сэргийлэх хэрэгтэй" гэж эрдэм шинжилгээний ажилтан Д.Ганболор ярилаа.
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!