Уншиж байна ...

Ашигт малтмалын лицензтэй холбоотой сонсголд тухайн цаг үед ажиллаж байгаагүй АН-ын нэр дэвшигчийг гэрчээр дуудаж "загнав"

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 29
IKON.MN
Зураг зураг

Төрийн ордонд Ашигт малтмалын лицензтэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол үргэлжилж байна. Сонсголын хүрээнд "Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайг Монгол Улсын иргэнд өмчлүүлсэн газартай давхцуулан шалгасан байдал" сэдвээр мэдээлэл, асуулт, хариулт явуулав.   

Говьсүмбэр аймаг иргэнд өмчлүүлсэн газрын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгосон газрын хэмжээгээр хамгийн томд тооцогддог байна. Тодруулбал, тус аймгийн Сүмбэр суманд иргэний өмчилсөн 800 нэгж талбай буюу 56 га, Шивээговь суманд 985 нэгж талбай буюу 103 га газрыг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан олгожээ. 

зураг
 

Хянан шалгагч, шинжээчдийн зүгээс Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Од-Сэрийг гэрчээр дуудсан байна. Гэвч энд яригдсан давхцуулан олгосон газрын асуудал нь Л.Од-Сэрийг ажиллаж байх үед хамаардаггүй. Улс төрийн зорилгоор намайг энд дуудсан хэмээн бухимдлаа илэрхийлсэн Л.Од-Сэрийг  Хянан шалгах түр хорооны гишүүн, сонсгол даргалагч Б.Энх-Амгалан гишүүн "Та битгий сонсгол үймүүлээд бай. Энд Их хурлын гишүүн ярьж байна. Их хурлын гишүүнийг ярьсны дараа та ярь" хэмээн загнав. 

Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Од-Сэр: Би 2013 оны аравдугаар сарын 28-ны өдөр Говьсүмбэр аймгийн Засаг даргаар томилогдоод 2015 оны долдугаар сард ажлаа хүлээлгэн өгсөн. Энд яригдаж байгаа иргэнд өмчлүүлсэн газрыг ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй давхцуулсан гэх мэдээлэл нь намайг ажиллаж байх үеийн цаг хугацаатай давхцахгүй байгаа учраас би мэдэхгүй. Миний өмнө болон дараа ажиллаж байсан Засаг дарга нар энэ зөвшөөрлийг олгосон.

зураг
 

Би энэ удаагийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр хүсэлтээ өгөөд байгаа. Улс төрийн зорилгоор ямар ч хамааралгүй намайг энэ сонсголд дуудаж байгаа нь нийгэмд буруу харагдуулах зорилготой гэж харж байна" гэв. 

Говьсүмбэр аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын дарга асан Д.Тамир: Эхний 200 айлын газрыг олгоход ашиглалтын лиценз байгаагүй. Хайгуулын тусгай зөвшөөрөлтэй байсан.

зураг
 

Түүнээс хойш 2016, 2017 онуудад бусад айлын газрын олгоход ашиглалтын тусгай зөвшөөрөл болсон байсан. Гэхдээ энэ мэдээлэл нь Ашигт малтмалын газраас Говьсүмбэр аймагт ирээгүй байсан учраас иргэдэд газар өмчлүүлэх ажиллагаа явагдсан. 

Ашигт малтмал, газрын тосны газрын кадастрын хэлтсийн дарга асан Н.Чинбаатар: Тэр үед хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг Засгийн газраас тогтоож байсан. Бидний хувьд тэр тогтоосон газарт л зөвшөөрөл олгож байсан. Төрөөс тогтоосон газарт ямар нэгэн давхцал байхгүй гэж гарч ирж байсан. Дээрээс нь манай мэдээллийн санд газрын давхцал байхгүй байсан.

зураг
 

Хянан шалгагч, шинжээч: Ашиглалтын тусгай зөвшөөрлийг 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр олгосон. Түүнээс өмнө 2012 онд Шивээговь суманд 207, 2013 онд Сүмбэр 189 иргэнд газар олгосон. Тусгай зөвшөөрөл олгосноос хойш 2016 онд Шивээговь суманд 239, 2017 онд Сүмбэр суманд 591 иргэнд газар өмчлүүлсэн. Тэгэхээр тусгай зөвшөөрөл олгосны дараа 800 гаруй иргэнд газар өмчлүүлсэн. 400 орчим газар өмчилсөн байхад тусгай зөвшөөрлийг давхцуулан олгосон гэдэг хоёр зөрчил илэрсэн юм.

Хянан шалгах түр хорооны дарга Б.Энх-Амгалан: Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгосон газарт иргэнд газар өмчлүүлсэн байна. Түүнийг Говьсүмбэр аймгийн Засаг дарга асан Л.Од-Сэрээс асууя. Л.Од-Сэр даргыг ажиллаж байх үед ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох зөвшөөрлийг таниас авсан уу?

Л.Од-Сэр: Би өмнө хэлсэн миний ажиллаж байсан цаг хугацаатай газар олгосон хугацаа таарахгүй байна. Хугацааны хувь давхцахгүй байна. Тэгэхээр надаас зөвшөөрөл аваагүй болж таараад байна. Өөр Засаг дарга ажиллаж байх үед болсон явдал байна шүү дээ.