Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр хаалттай үргэлжилж байна.
Үүнтэй холбоотойгоор Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гадна сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Намайг татвар төлөхөөс зайлсхийсэн, шүүхийн нэр төрд халдсан, төрийн нууц мэдээлэл хадгалсан гэх эрүүгийн зүйл ангиар яллахаар хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн.
Мөрдөн байцаах явцад маш олон эргэлзээтэй асуудал үлдсэн. Хамгийн анхаарал татахуйц, яагаад холбогдсоноо ч ойлгохгүй байгаа нэг хэрэг бий.
Эрүүгийн хуулийн 19.11 буюу төрийн нууц мэдээллийг хадгалсан гэж намайг буруутгаж байна. Хэрэв тэр баримт миний ширээ, сейф, гэр, машинаас илэрвэл хадгалсан болно шүү дээ. Ингээгүй байхад яагаад буруутгаад байгаа юм бэ?
Шантаажчин гэж олон хүн чичилдэг. Үнэхээр шантааж хийдэг үгүйг яг одоо л харах боломж ирж байгаа. Өнгөрсөн арван жилийн хугацаанд Н.Өнөрцэцэг хаагуур юу хийж явсан бүх мэдээлэл, дансны гүйлгээ, эд хөрөнгө, орлого, Zarig-ын бүх гэрээг Цагдаагийн Ерөнхий Газар, Тагнуулын Ерөнхий Газар, Авлигатай Тэмцэх Газар, Татварын Ерөнхий Газраас шалгасан.
Цагдаагийн байгууллагынхан хоёр сар амралтын өдөр ч өнжилгүй намайг шалгасан. Бүр 21 аймгаар нийлээд шалгасан. Өнгөрсөн хугацааны амьдралаа бүгдийг нь шүүлгэсэн учраас одоо нуугаад байх юм байхгүй" гэлээ.
Мөн "Витамин зараад татвараас бултсан гэж үзээд байгаа бол ямар зүйл ангиар буруутгаж байгаагаа олон нийтийн нүдэн дээр ил тод шүүгээд баримт нотолгоотой тохиолдолд буруугаа хүлээнэ.
Харин төрийн нууц гэдгийн ард шалдар булдар асуудлаар яллахыг хүсвэл хүлээн зөвшөөрөхгүй. Гэхдээ миний хамгийн сүүлчийн найдвар бол шүүх" гэж ярилаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!