Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/28-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгосын хиймэл дагуул тээвэрлэсэн пуужин хөөргөлтийн эхний үе шатандаа дэлбэрчээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Умард Солонгосын дэлбэрсэн сансрын пуужингийн сэгийг далайн уснаас гаргаж авч байгаа нь

Цэргийн тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг сансарт хөөргөх ажиллагаа амжилтгүй болж, тээвэрлэгч пуужин нь эхний үе шатандаа дэлбэрснийг Умард Солонгосын албаны эх сурвалж өнөөдөр өглөө мэдээлжээ.

Даваа гарагт тус улсын баруун хойд эргийн Сохэ агаарын баазаас хиймэл дагуул тээвэрлэсэн Маллигён-1-1 пуужинг хөөргөсөн юм.

Сөүл хотод Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёл, Японы ерөнхий сайд Фүмио Кишида, Хятадын ерөнхий сайд Ли Чян нар Солонгосын хойгийн аюулгүй байдлыг дэмжих асуудлаар гурван талын чуулга уулзалтад оролцсоноос хойш хэдхэн цагийн дараа уг үйл явдал тохиожээ.

“Хиймэл дагуул тээвэрлэгч шинэ пуужин хөөргөлтийн нэгдүгээр үе шатандаа агаарт дэлбэрснээс ажиллагаа амжилтгүй боллоо” гэж Умард Солонгосын төв мэдээний агентлаг мэдээлжээ.

Шингэн хүчилтөрөгчөөр баяжуулсан түлштэй пуужингийн шинэ хөдөлгүүрт алдаа гарснаас дэлбэрсэн гэж Умард Солонгосын мэргэжилтнүүд дүгнэсэн байна.

Дэлбэрэлтэд өөр юу нөлөөлснийг мөрдөн шалгах ажил эхэлснийг бас мэдээлжээ.

Өмнөд Солонгосын зэвсэгт хүчин Даваа гарагийн өглөөний 10:44 цагт Шар тэнгисийн эрэг орчмын Умард Солонгосын нутагт пуужин хөөрөхийг анх бүртгэсэн байна.

Гэхдээ удалгүй уг пуужин агаарт дэлбэрч, олон хэсэг хуваагдсаныг бас ажиглажээ.

Умард Солонгосын эрх баригчид үүнээс өмнө Японы талд зургаадугаар сарын 4-нөөс өмнө сансарт пуужин хөөргөх гэж байгаа тул газар нутагт нь пуужингийн хэсэг унаж болзошгүйг урьдчилан анхааруулаад байв. Зарласан боломжит найм хоногийн хугацааныхаа эхний өдөр пуужин хөөргөхийг оролдсон нь ийнхүү амжилтгүй болжээ.

Тус улс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард анхныхаа цэргийн тагнуулын зориулалттай хиймэл дагуулыг амжилттай хөөргөсөн юм.

Харин энэ онд дахин гурван хиймэл дагуул хөөргөхөөр төлөвлөснөө зарлаж байжээ.

“БНАСАУ тавдугаар сарын 27-нд баллистик технологийн пуужин хөөргөсөн нь НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийн олон удаагийн тогтоолыг бүдүүлгээр зөрчиж, бүс нутагт болон нийт дэлхий дахинд хурцадмал байдал, тогтворгүй байдал үүсгэх эрсдэлтэй үйлдэл болсныг бид мэдэгдэж байна” гэж АНУ-ын зэвсэгт хүчний Энэтхэг-Номхон далайн бүсийн командын төв анхааруулсан байна.

Умард Солонгосын хиймэл дагуул хөөргөх оролдлого нь Пёнян-Москвагийн батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа гүнзгийрсний илрэл гэж ажиглагчид үзэж байна.

Тухайлбал Украины дайнд хэрэглэх сум, пуужин ОХУ-д нийлүүлснийхээ хариуд Умард Солонгосын эрх баригчид сансрын технологи шилжүүлэн авч байж болзошгүй гэдэг.

Пёняны дэглэм хэдийгээр тактикийн цөмийн зэвсэг, баллистик пуужингийн технологи хөгжүүлэх тал дээр тодорхой амжилт гаргасан ч сансрын пуужин, хиймэл дагуулын технологиор холбоотнуудаасаа хол хоцорч байсан юм.

 

Эх сурвалж: Yonhap News