Уншиж байна ...
Зураг
Зураг

Францын сургагч нар газар нутагт нь ирэхээр болсныг Украины армийн командлагч мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Украины армийн ерөнхий командлагч Олександр Сирський

Цэргийн сургалтын төвүүдэд нь Франц улсын сургагч багш нар удахгүй ирэхээр болсныг Украины армийн ерөнхий командлагч Даваа гарагт мэдээлжээ.

“Украины армийн алба хаагчдыг бэлтгэх зорилгоор сургагч багш нараа илгээх Франц улсын санаачилгыг би талархан хүлээж авч байна” гэж хурандаа генерал Олександр Сирський өчигдөр Францын батлан хамгаалахын сайд Себастен Лекорнутай видео холбоогоор ярилцсаныхаа дараа мэдэгдсэн байна.

“Францын эхний багш нар манай сургалтын төвүүдэд ойрын хугацаанд ирж, дэд бүтэц, боловсон хүчний нөхцөл байдалтай танилцах ба үүнд шаардлагатай бичиг баримтад би гарын үсэг зурлаа” гэж тэр цааш нь ярьжээ.

Сирський үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Францын эрх баригчдын энэхүү шийдэмгий байдал бусад түншүүдэд нь урам зориг өгнө гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн байна.

Гадаадын цэргийн сургагчдыг хүлээж авах хүсэлтээ энэ оны хоёрдугаар сард Украины батлан хамгаалах яам анх гаргаж байжээ.

Уг хүсэлтэд хамгийн түрүүнд зөвшөөрсөн улс Франц болж байгаа юм байна.

Хоёрдугаар сарын 26-ны өдөр Парис хотод зохион байгуулагдсан олон улсын хурлын үеэр Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон цэргийн бие бүрэлдэхүүнээ Украинд илгээх санааг анх гаргаж байсан юм.

Энэ санаачилгын нэг хэсэг нь Өрнөдийн цэргийн сургагчдыг Украинд илгээх тухай асуудал байжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр Бельгийн нийслэл Брюссельд айлчлан очихдоо тус улсын ерөнхий сайд Александер Де Крутай батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааны гэрээ байгуулах юм.

Европ тивд Оросын учруулж буй аюул заналын талаар хамгийн хурц тод дуугарч буй удирдагч Францын ерөнхийлөгч болоод байгаа.

Германы канцлер Олаф Шольц өчигдөр Макронтой хамтарч бичсэн Европын аюулгүй байдлын талаар өгүүллээ Financial Times сонинд нийтлүүлжээ.

“Бид өнөөдрийг хүртэл бий болгосон Европын амьдралын хэв маяг, дэлхий дахинд гүйцэтгэх үүргээ мөнхийн заяагдмал мэт ойлгох боломжгүй болж байна. Манай Европ мөнх бус бөгөөд бид сорилтыг даван туулах ёстой. Сүүлийн таван жилийн түүхээс цар тахал, Украины эсрэг Оросын эзлэн түрэмгийлэх дайн, геополитикийн өөрчлөлт зэрэг сорилтууд тулгарч буй нь тодорхой харагдаж байна. Европ тив өөрийн Zeitenwende-ийг туулж байна” гэж уг нийтлэлд бичсэн байна.

“Zeitenwende” нь Украины дайн эхэлснээс хойш Герман улс батлан хамгаалах бодлогоо шинээр харах болсныг илэрхийлсэн утга бүхий Шольцын гаргасан нэр томьёо юм.

Францын ерөнхийлөгч Макрон хөрш Германд хийж буй төрийн айлчлалынхаа гурав дахь өдөр буюу өнөөдөр Берлиний ойролцоох Месебергт канцлер Олаф Шольцтой биечлэн уулзах гэж байна.

 

Эх сурвалж: Reuters