Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын пуужингийн цохилтод Харьков хотын зах өртөх үеэр амиа алдсан хүний тоо 14 хүрчээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Бямба гарагт зүүн хойд Украины Харьков хотын барилгын материал, багаж хэрэгслийн худалдааны төв Оросын агаарын цохилтод өртсөн юм.

Уг цохилтын үеэр амиа алдсан энгийн иргэдийн тоо 14 хүрснийг орон нутгийн эрх баригчид Ням гарагт мэдээлжээ.

“Амиа алдагсдын тоо нэмэгдэж 14 хүрлээ” гэж Харьков мужийн захирагч Олег Синегубов сошиал хуудсандаа мэдээлсэн байна.

Үүнээс өмнө Украины дотоод хэргийн сайд Игорь Клименко нийт 43 хүн шархдаж, 16 хүн сураггүй болсныг мэдээлж байв.

Эпицентр худалдааны төв пуужингийн цохилтод өртсөний дараа томоохон гал түймэр гарсныг 16 цагийн дараа бүрэн унтраажээ.

Одоо 200 орчим аврагчид нуранги дороос хүмүүсийн цогцсыг хайх, шүүх эмнэлгийн мэргэжилтнүүд илэрсэн цогцсыг таниулах ажил зохион байгуулж байгааг Клименко мэдээлсэн байна.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский “илт иргэний байгууламжид өдрийн цагаар халдсанд” Оросын талыг буруутгажээ.

“Зөвхөн Путин шиг галзуу солиотой хүмүүс л ийм бусармаг аргаар хүмүүсийг хядаж, айлган сүрдүүлж чадна” гэж тэр мэдэгдсэн юм.

Харин Оросын ТАСС агентлаг худалдааны төв дотор байрлаж байсан зэвсгийн дэлгүүр, командын байрыг устгасан тухай батлан хамгаалах яамны эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Өчигдөр Зеленский өнгөрсөн долоо хоногт Оросын цохилтод өртсөн Харьковын хэвлэлийн газрын балгасны өмнө зургийг нь авхуулсан видео мэдэгдлээ АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт хандан нийтэд цацсан байна.

Уг мэдэгдэлдээ тэр хоёр удирдагчийг ирэх сард Швейцарт зохион байгуулагдах Украины энх тайвны асуудлаарх олон улсын чуулганд биечлэн оролцохыг урьжээ.

“Би дэлхийн улс орнуудын удирдагчдад, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарт хандан уриалж байна. Энхийн дээд хэмжээний чуулганыг хувийн манлайлал, оролцоогоороо дэмжээрэй” гэж Зеленский мэдэгдсэн байна.

Украинд энх тайван тогтоох асуудлаар өндөр түвшний чуулганыг Швейцарын засгийн газар Киевийн эрх баригчдын хүсэлтээр зургаадугаар сарын 15-16-ны өдрүүдэд Люцерн хотод зохион байгуулах юм.

Зохион байгуулагчид олон улсын 160 төлөөлөгчийг урьсны дотор Орос улсын төлөөлөл багтаагүй байна.

Энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Путин дээрх чуулганы урилгыг хүлээж аваагүйгээ мэдэгдэж байв. Хятад улсын хувьд Орос, Украины аль алиных нь хүлээн зөвшөөрсөн олон улсын энх тайвны чуулганыг дэмжихээ мэдэгдсэн юм.

Бямбаас Ням гарагт шилжих шөнө Оросын талаас Украин руу нийтдээ 14 пуужин, 30 гаруй нисгэгчгүй онгоцоор довтолсон байна.

Эдгээрийн хоёр пуужингаас бусдыг нь устгаж чадсанаа Украины агаарын зэвсэгт хүчин мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP