Уншиж байна ...
Зураг
Зураг

Үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхүүдэд долоон дүүргийн 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөжээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн жил Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны үерт өртсөн айл өрхүүдийг нөхөн олговортойгоор орон байраар хангах ажлыг судалж зохион байгуулах үүргийг нийслэлийн удирдлагууд холбогдох байгууллагад хүргүүлсэн.

Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Онцгой комисс, Газар зохион байгуулалтын албанаас дээрх хороодын үерийн аманд буусан айл өрхүүдэд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна. Өнгөрсөн жил дээрх гурван хорооны 255 айл өрх үерт автсан бөгөөд эдгээр айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байжээ.

Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны 614 айл өрх үерийн эрсдэлтэй бүсэд амьдарч байгаа бөгөөд 116 айл өрх нь газар эзэмших зөвшөөрөлгүй байгааг холбогдох байгууллагаас хэллээ.

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны газар чөлөөлөх хэлтсээс үерийн эрсдэлтэй бүсэд суурьшсан айл өрхийн объектыг үнэлж төвийн долоон дүүргийн 15 байршилд 600 гаруй нэгж талбарт газар олгохоор төлөвлөөд байна. Чөлөөлсөн талбайд Геодези усны барилга байгууламжийн газраас үерийн барилга байгууламжийг барих ажлыг төлөвлөөд байгаа юм.

НОК-ын Нарийн бичгийн дарга Д.Оюунбат “Өнгөрсөн жил дээрх гурван хороонд үер бууж 255 айл өрх үерт автсан. Энэ жил ч бас үер болох эрсдэлтэй байгаа учраас бид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж дээрх айл өрхөд газар чөлөөлөх мэдэгдлийг хүргүүлж байна. Мэдэгдэх хуудас хүргэх ажилд нийслэлийн онцгой байдлын газар, нийслэлийн газар зохион байгуулалтын алба болон тухайн хороодын хэсгийн ахлагч нар хамтран ажиллаж байна” хэмээлээ.

 

Эх сурвалж: НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс