Монгол Улс Глобаль сангийн дэмжлэгээр сүрьеэгийн тандалт, хяналт, илрүүлгийг хийх хиймэл оюун ухаанд суурилсан явуулын рентген аппаратыг алслагдсан сумдад болон нийслэлийн өрхийн эмнэлгийн төвүүдэд тус тус гурван ширхгийг хүлээлгэн өглөө.
Тус рентген аппарат нь мобайл хэлбэрээр рентген зураг авч авсан зургаа хиймэл оюун ухаанаар 10 сая тохиолдол дундаас боловсруулж оношилгоог хийдэг аж. Энэ нь хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологи бөгөөд уушгины үрэвсэлт өвчнүүд болон сүрьеэ өвчнийг оношлох юм байна.
Манай улс 1,000 хүн тутамд хамгийн өндөр сүрьеэгийн тархалттай 30 орны тоонд ордог. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд орчин үеийн техник технологийг нэвтрүүлсэн шинэлэг арга барил руу шилжиж байна гэдгийг ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат онцолж байв.
Хэнтийн аймгийн Жаргалант сумын эрүүл мэндийн төвийн эрхлэгч Н.Түвшинжаргал "Сүрьеэгийн эрт илрүүлгийг хийх зорилготой зөөврийн аппаратыг хүлээн авч байгаадаа баяртай байна. Өмнө нь бид шинж тэмдэг илэрсэн өвчтөнүүдээсээ шинжилгээ аваад аймаг руу, аймгаасаа нийслэл рүү илгээж оношилдог буюу нэлээд олон дамжлага дамждаг байсан бол уг аппаратаар шууд газар дээр нь оношлох боломжтой болж байна" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!