Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/22-НД НИЙТЛЭГДСЭН

С.Жавхлантбаатар: Хэвлэл, НЗДТГ зэрэг бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БНСУ, Вьетнамын үйлдвэрт очиход "Евро 5" хөдөлгүүртэй автобусыг танилцуулсан

Б.Манлай
2024 оны 5 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Худалдан авсан автобуснууд нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй болохыг өнөөдөр болсон нээлттэй сонсголын үеэр шинжээч танилцуулсан юм. Үүний дараа УИХ-ын гишүүд гэрчүүдээс асуулт асуув.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн: Шинжээч, хянан шалгагч нар "Daewoo BS106" загварын хуучин автобусыг угсраад авчирсан гэдгийг харууллаа. Тээвэрлэлт жуулчлалын компани нь used car буюу хуучин автобус тээвэрлэж буйгаа мэдэгдчихсэн. "Евро 2" хөдөлгүүртэй, хийн нум байхгүй автобус. Нэг ширхэг нь 336 сая төгрөгийн үнэтэй. Вьетнамд ажиллах хүч хангалттай их, машиныг яаж ч янзалж чадна. Хувийн хэвшлийнхэн мөнгө өгөөд тоодоггүй юм байж. Гэтэл нийслэлийнхэн гарын үсэг зураад авчихсан байх юм. Ямар ичдэггүй юм бэ. Ажлын хэсгийн ахлагч Б.Мөнхболд, гишүүд Б.Баярмаа, Б.Дөлгөөн байна. Намайг шахаж, гарын үсэг зуруулсан гэж үгээ хэлж болно. Ажлын хэсгийнхэн бүгд гарын үсэг зурсан байна. 

Тээвэрлэж байгаа компани used car гэж байхад гаалийнхны байр суурь ямар байсан бэ?

Нийслэлийн Нийтийн Тээврийн Газраас их багтаамжийн автобусыг хүлээлцэх ажлын хэсэг 2023 оны зургаадугаар сард Б.Мөнхболд даргатай, 15 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагджээ.

зураг
 

Ажлын хэсгийн ахлагч, Нийслэлийн Нийтийн Тээврийн Газрын ачаа тээврийн ложистикийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Мөнхболд "2023 оны наймдугаар сарын 14-нд "Daewoo BS106" загварын, их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 20 ширхэг автобусанд акт дүгнэлт үйлдэхээр автобус хүлээлцүүлэх ажлын хэсэг ажилласан байгаа.

Уг автобуснуудыг хүлээн авч, акт үйлдэхэд ажлын даалгавар, техникийн нөхцөлүүдэд найман төрлийн зөрчлийг гаргаж тавьсан. Үүнээс үүдэж автобуснуудыг хүлээж авах боломжгүйг удирдлагуудад танилцуулсан юм.

Энэ тухай удирдлагуудад танилцуулахад Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу есдүгээр сарын 1-н гэхэд графикийн дагуу автобуснууд орж ирсэн байх ёстой. Дараагийн автобуснуудыг авахад санхүүжилт гацах нөхцөл байдал үүсээд байна. Тиймээс энд ирсэн автобуснуудыг байгаагаар нь хүлээгээд авчих гэсэн. "Тэнүүн-Огоо" компаниас дараагийн автобус ирэхэд ажлын даалгавар дээр байгаа техникийн нөхцөл үзүүлэлтүүд нь шаардлага хангасан автобуснуудыг нийлүүлнэ. Ажлын хэсгийнхэн энэ автобуснуудыг бусад ашиглагч байгууллагад өгөхөд ажлын даалгаварт тусгагдсан нөхцөлүүдийн дагуу бэлэн болгож өгнө гэсэн албан бичиг өгөөд удирдлагуудаас өгсөн чиглэлийн дагуу гарын үсэг зурж, хүлээж авсан байгаа.

Ажлын хэсэг Нийтийн Тээврийн Газрын даргын тушаалаар батлагдсан. Энэ тухай дүгнэлтүүдийг байгууллагынхаа газрын даргад танилцуулсан" гэв.

Нийтийн Тээврийн Газрын дарга асан С.Жавхлантбаатар "Б.Мөнхболдын танилцуулж байгаа "Daewoo BS106" загварын 20 автобусыг хүлээж авах ажлын хэсгийг зургаадугаар сарын дундуур байгуулагдсан. Наймдугаар сарын 14-нд хүлээж авах комисс, нийлүүлэгч "Тэнүүн-Огоо" компани төв талбай дээр эдгээр 20 автобусыг хүлээлцэх ажил зохион байгуулагдсан.

Уг ажлын хэсэг байгуулагдахаас өмнө үйлдвэрийн процессуудтай газар дээр нь очиж танилцсан байдаг. Нийслэлийн Засаг даргын захирамжийн хүрээнд хэвлэлийн долоо, НЗДТГ, ашиглагч орон нутгийн өмчит газар гээд нийт 10 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг БНСУ-ын Үльсан үйлдвэр, Вьетнамын угсралтын үйлдвэрт очиход бидэнд "Евро 5" хөдөлгүүртэй автобус ийм байна гэж автобус үзүүлсэн. Шинжээчийн танилцуулснаар нэг автобус тэнцсэн гэсэн нь бидэнд үзүүлж байсан автобус тэр байх. 

Үнэхээрийн наймдугаар сарын 14-нд хүлээж авсан 20 автобусыг ажлын төлөвлөлтөөр наймдугаар 24, 25-нд олон нийтэд танилцуулах зорилгоор техникийн зарим нэг нөхцөлийн зүйлүүд үйлдвэрээс дутуу гарч, яаралтай горимоор Монгол руу ачигдсан гэдгийг нийлүүлэгч компаниас хэлдэг. Энэ хүрээнд дутуу зүйлүүд байгааг автобус хүлээлцэх ажлын хэсгийнхэн болон даргын хажууд салбар хариуцсан сайддаа танилцуулж байсан юм.

Хэрэв санхүүжилт нь зогсчихвол есдүгээр сард болон дараа дараагийн графикийн дагуу нийлүүлэгдэх автобуснуудад гацаа саад үүснэ гэдэг нөхцөлөөр шийдээд яв гэдэг чиглэлүүд шат шатандаа өгөгдөж, автобуснуудыг хүлээж авсан процесс болсон" гэж ярилаа.