"Ногоон" автобус худалдан авах ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаарх Түр хорооны нээлттэй сонсгол үргэлжилж байна.
Тэгвэл үндэсний аюулгүй байдал болон Тагнуулын Ерөнхий Газар(ТЕГ)-тай хамааралтай гэж дурдсан энэхүү асуудал сонсголын үеэр яригдлаа.
Нийтийн тээврийн автобус Улаанбаатар төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх болсон шийдвэр, түүний үндэслэлийг шинжээч дараах байдлаар танилцуулсан юм.
Энэ талаар "Нийслэлийн Засаг даргын 2022 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн А/1620 тоот захирамжийн үндэслэл хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн гуравдугаар зүйлийн 3.4 дэх хэсгийг үндэслэн захирамжилсан байна.
Үүний дагуу ажлын хэсэг байгуулагдсан байна. Захирамжлах хэсэгтээ дээрх хуулийн 3.4 дэх хэсгийг үндэслэсэн байна.
Ийнхүү хуулиар зохицуулахгүй харилцааг үндэслэн захирамжилсан нийслэлийн Засаг даргын захирамжийн төслийг танилцуулъя. Тухайн зүйл заалтыг өөрчилсөн хяналтын дагалдах хуудсыг хавсаргажээ.
2022 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдөр төслийн нэр "Эрх шилжүүлэх тухай", төслийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт боловсруулсан байна.
Мөн дараах долоон эрх бүхий албан тушаалтнууд энэ захирамжид хяналт хийжээ.
Дээрх бүрэлдэхүүн тус захирамжийн төслийг хянан баталгаажуулсан байна.
Үргэлжлүүлэн "Энэ асуудалтай холбоотойгоор УИХ-ын Хянан шалгах түр хорооноос Тагнуулын Ерөнхий Газар (ТЕГ)-т хандсан.
Баримт материал хүргүүлэх тухай албан тоотыг ТЕГ-аас ирүүлсэн. Нийслэлийн нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд 2023 онд автобус худалдан авсан асуудлаар Нийслэлийн Засаг дарга, түүний харьяа байгууллагаас Тагнуулын байгууллагад хандаагүй байна.
Үүнд ТЕГ-аас нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажилтай холбоотой ажил, үйлчилгээг төрийн нууцад хамааруулах талаар ямар нэгэн шийдвэр гаргаагүй тухай албан бичгийг нийслэлийн Засаг даргад хүргүүлжээ" хэмээн танилцуулав.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!