Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны ерөнхийлөгчийн нисдэг тэрэг осолдсон газраас амьд хүн олдоогүйг мэдээллээ

Т.Давааням, ikon.mn
2024 оны 5 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Зүүн гар талаас Ираны шашны дээд удирдагч Алъ Хамени, Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси

Ням гарагт Ираны ерөнхийлөгч Эбрахим Райси зорчиж явсан нисдэг тэрэг тус улсын Азербайжантай хил залгаа хойд бүс нутагт осолдсон тухай мэдээлсэн билээ.

Өтгөн манантай, үзэгдэх орчин хязгаарлагдсан үед нисдэг тэрэг газар мөргөсөн байж болзошгүй гэж Ираны албаныхан дүгнэж байв.

Тэгвэл дөнгөж сая аврагчид нисдэг тэрэгний осолдсон газарт хүрчээ.

Аврагчдыг ослын газарт хүрэхэд нисдэг тэрэг бүрэн шатаж, амьд хүн үлдээгүй байсан тухай Ираны төрийн IRINN агентлаг мэдээллээ.

Эбрахим Райси нь Ираны найм дахь ерөнхийлөгч байлаа. Өмнө нь прокурор, шүүгчээр ажиллаж байсан тэрбээр 2021 оны сонгуулиар ерөнхийлөгч болсон юм.

Өмнөх ерөнхийлөгч Хассан Рухани аядуу зөөлөн гадаад бодлого баримталдаг байсан бол Райси нь АНУ болон Израилийн эсрэг хатуу чиг шугам баримтлагч байв.

Райсийг Ираны шашны дээд удирдагч 85 настай Хаменийг залгамжлах хүн гэж олон хүн үздэг байлаа.

Иран улс ерөнхийлөгчийн засаглалтай ч шашны дээд удирдагч дотоод болон гадаад бодлоготой холбоотой бүх шийдвэрийг эцэслэн гаргадаг юм.

Үндсэн хуулийн дагуу Райсийг тэргүүн дэд ерөнхийлөгч Мохаммад Мохбер залгамжлах ёстой. Гэхдээ энэ шийдвэрийг шашны дээд удирдагч Аятолла Аль Хамени батлах юм байна.

 

Эх сурвалж: CNN