Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/16-НД НИЙТЛЭГДСЭН

Номхон далай дахь Францын нутаг дэвсгэрт үймээн самуун дэгдсэний улмаас онц байдал зарлав

С.Мөнхцэцэг, ikon.mn
2024 оны 5 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Франц улсын Номхон далай дахь нутаг дэвсгэр болох Шинэ Каледони аралд сонгуулийн шинэчлэлийг эсэргүүцсэн үймээн дэгдэх үеэр мөргөлдөөн гарч, нутгийн уугуул гурван иргэн, нэг цагдаагийн албан хаагч амиа алджээ.

Үүнтэй холбоотойгоор өчигдөр Францын эрх баригчид тус аралд онц байдал зарлаж, ТикТок сошиал сүлжээг хаасан байна.

Үүрийн 5:00 цагаас үйлчилж эхэлсэн онц байдлын үеэр жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглож, иргэдийн шилжилт хөдөлгөөнийг зогсоожээ.

Үймээн дэгдээгчид зогсоолд байсан автомашинуудыг галдан шатааж, дэлгүүр, бизнесийн байгууллагуудыг тонон дээрэмдэж эхэлсний дараа Шинэ Каледони аралд тогтмол байрладаг 1,800 цагдаагийн бие бүрэлдэхүүн дээр 500 албан хаагчийг дэг журам тогтоох зорилгоор нэмж илгээсэн байна.

Мягмар гарагт Францын парламент сонгуулийн хуулийг шинэчлэх төслийг Парис хотод хэлэлцэж, баталсан нь Шинэ Каледонид үймээн дэгдэх шалтгаан болжээ.

Шинэчлэлийн дагуу Шинэ Каледонид 10 жил оршин суусан Францын эх газрын иргэд орон нутгийн сонгуульд саналаа өгөх эрхтэй болж байгаа юм.

Арлын уугуул иргэд болох Канак хүмүүс энэ өөрчлөлт тэдний улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй гэж үзэж байна.

Шинэ Каледони аралд 12 хоногийн хугацаатай онц байдал тогтоох тухай захирамжид гарын үсэг зурахдаа Францын ерөнхий сайд Габриэл Атталь “Бид ямар ч хүчирхийллийг тэвчихгүй” гэж анхааруулжээ.

Арлын гол боомт, нисэх буудлын аюулгүй байдлыг хангахад Францын армийг дайчлахаа тэр бас мэдэгдсэн байна.

Өмнө нь Францын үндсэн газар нутагт болсон үймээн самууныг зохион байгуулахад гол үүрэг гүйцэтгэсэн гэгдэж буй ТикТок сошиал сүлжээний хэрэглээг Шинэ Каледонид бас зогсоожээ.

Эрдэс баялгийн арвин нөөцтэй Шинэ Каледони арал нь Австралиас зүүн зүгт 1,500 км зайтай Номхон далайд оршдог бөгөөд 270,000 орчим оршин суугчтай.

Франц улс тус арлыг 1853 онд өөртөө нэгтгэж, 1946 онд далайн чанад дахь газар нутаг статустай болгож байжээ.

Арлын уугуул иргэдийн дунд тусгаар тогтнолын төлөө хөдөлгөөн олон жилийн турш өрнөж байгаа.

Шинэ Каледони арал никелийн олборлолтын хэмжээгээр дэлхийд гуравдугаарт ордог ч уугуул иргэдийн 20 хувь нь ядуурлын түвшнээс доогуур нөхцөлд амьдардаг байна.

 

Эх сурвалж: Reuters