Уншиж байна ...

Я.Содбаатар: Ерөнхийлөгч Алдарт эхийн одонгийн урамшууллыг хоёр дахин нэмэх санал гаргасан, ирэх долоо хоногт асуудлыг оруулж ирэх байх

А.Ням-Өлзий, iKon.mn
2024 оны 5 сарын 15
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг хоёр хоногийн өмнө буюу тавдугаар сарын 13-нд Ерөнхийлөгчийн Тамгын газраас УИХ-д өргөн мэдүүлсэн билээ.

Одоогийн хуульд дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн, бага хүүхэд нь нэг  нас хүрсэн эхэд “Эхийн алдар I, II” одон олгодог. Ингэхдээ "дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн" гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан хүүхэд хамаарах ба харин эхийн төрүүлж бусдад үрчлүүлсэн хүүхэд хамаарахгүй” гэж заасан. Уг зохицуулалтын дагуу зургаан хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одон, дөрвөн хүүхэд төрүүлж, өсгөсөн эхэд “Эхийн алдар” хоёрдугаар зэргийн одонг олгодог. Гэвч бага хүүхэд нь нэг нас хүрэхэд аль нэг хүүхэд нь нас барсан байвал “Эхийн алдар” одон олгох шаардлагыг хангахгүй гэж үздэг.

Тиймээс иргэдээс ирсэн саналыг үндэслэн хуулийн үйлчлэх хүрээг өргөжүүлж “дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж өсгөсөн” гэдэгт бага хүүхэд нь нэг нас хүрэхэд дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй байсан бөгөөд үүнд тэр үед гурав хүртэлх насанд нь үрчлэн авсан, эсхүл байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хамруулахаар тусгана” гэдэг заалтыг хуулийн төсөлд нэмжээ.

Хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар "Энэ хуулийн өөрчлөлтөд байгалийн аюулт үзэгдэл, осол, өвчин, гэмт хэргийн улмаас нас барсан хүүхдийг хүүхдийнх нь тоог хамруулан тооцдог болъё гэж байгаа юм. Арван сар тээж төрүүлээд, тодорхой насанд хүртэл нь өсгөж бойжуулж байсан учраас эхчүүдийн хөдөлмөрийг үнэлэх ёстой. Харин үрчилж авсан гэдэгт гурав хүртэлх насанд нь үрчилсэн хүүхдийг оруулж байгаа” гэлээ.

Мөн хуулийн төсөлд “мөнгөн тусламжийн хэмжээг шинэчлэн тогтоох” гэдэг заалт тусгажээ.

Энэ талаар хууль санаачлагч “Эхийн алдар одонг дагалдан жил бүр урамшуулал олгодог. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 300 мянган эх одонгийн урамшуулал авч байна.

Ерөнхийлөгчийн зүгээс жилд нэг удаа олгодог одонгийн урамшууллыг хоёр дахин нэмэгдүүлэх санал гаргасан. I зэргийн одонтой ээжид жилд нэг удаа 200 мянга, II зэргийн одонтой бол жилд нэг удаа 100 мянган төгрөгийн урамшуулал олгодог. Гэвч улсын төсөвтэй холбоотой асуудлыг зөвхөн Засгийн газар өргөн мэдүүлэх хуультай учраас ирэх долоо хоногт Засгийн газраас энэ асуудлыг өргөн мэдүүлэх байх” гэлээ.

Дөрөв болон зургаагаас дээш хүүхэд төрүүлсэн ч аль нэг хүүхэд нь нас барсны улмаас Эхийн алдар I, II одон авч чадаагүй эхчүүд байдаг. Тэдгээр ээжүүдэд энэ жил нөхөж өгөх боломж бий юу гэдгийг гишүүд тодруулав.

Энэ асуултад хууль санаачлагчийн зүгээс “Энэ жил Алдарт эх I, II одон авах эхчүүдийн өргөдлийг хүлээн аваад дууссан. Тиймээс хамаарахгүй. Харин дараа жил хүсэлтээ өгөөд одонгоо нөхөж авах боломжтой. Энэ хууль батлагдсанаар II зэргийн одон нөхөж авах 8,463 ээж, I зэргийн одон нөхөж авах 1,932 ээж байгаа” гэдэг хариулт өглөө.