Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2024/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

"Өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хулгайн гэмт хэргийн холбогдогч болж байна"

Б.Манлай
2024 оны 5 сарын 15
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Автомашин хулгайлах гэмт хэрэгт өсвөр насны хүүхдүүд холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллагаас өнөөдөр мэдээлэл өглөө.

ТЦА-ны ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Д.Ганхуяг "2024 оны нэгдүгээр улирлын байдлаар "Автомашин хулгайлагдлаа" гэсэн гэмт хэргийн шинжтэй 271 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Эдгээрийн 232 нь Улаанбаатарт, орон нутагт 39 байна.

Гэмт хэргийн шинжгүй гэж буцаагдсан 109 тохиолдол байгаа. Тодруулбал зарим жолооч тээврийн хэрэгслээ байршуулсан газраа олохгүй, зогсоол андуурсан, гэр бүлийнхэн нь хэлэхгүйгээр машиныг нь унаад явсныг мэдээгүйгээс дуудлага мэдээлэл өгөх, ББСБ-д барьцаанд тавьж, зээлээ төлөөгүйгээс машиныг авч явах зэрэг шалтгаанаас үүдэлтэй 109 дуудлага буцаагдсан.

Асаалтын системийг түлхүүрээр онгойлгодог, он хуучинтай тээврийн хэрэгслийг ихэвчлэн хулгайлж байна. Дэлгүүр, ТҮЦ-ийн үүдэн машинаа асаалттай орхиод юм худалдаж аваад ирэх хооронд, өвлийн улиралд халааж байх үед машиныг хулгайлах зөрчил их бүртгэгдлээ. Насанд хүрээгүй хүүхдүүд автомашин хулгайлж байгаа нь харамсалтай.

Тухайлбал 2024 оны дөрөвдүгээр сарын 20-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс Toyota Camry  загварын машиныг 15 настай, хоёр эрэгтэй хүүхэд хулгайлсан болох нь тогтоогдсон.

Энэ сарын 13-нд Баянзүрх дүүргийн дугаар тоот хашаанаас Prius 41 загварын машин хулгайд алдагдсан мэдээллийн мөрөөр шалгахад 12, 14 настай, эрэгтэй хүүхэд хулгайлсан нь тогтоогдсон.

Иймд эцэг, эх, асран хүмүүжүүлэгч нар хүүхдэдээ анхаарал тавих шаардлагатай. Тээврийн хэрэгсэл хулгайлсан бол дээд тал нь 12 жилийн хорих ял оноодог.

Шалтгаан нөхцөлийг судлаад үзвэл өсвөр насны хүүхдүүд машин жолоодох сонирхолдоо хөтлөгдөж хүний машиныг зөвшөөрөлгүй унаад явчхаж байгаа нь гэмт хэргийн холбогдогч болж байна" гэж мэдээллээ.