Конго улсад дэгдсэн эбола вирусийн халдварын улмаас амиа алдсан хүний тоо 80 хүрэв
Африк тивийн Конго улсын зүүн хэсэгт дэгдсэн эбола вирусийн халдварын улмаас хамгийн цөөндөө 80 хүн амиа алдсаныг тус улсын эрх баригчид Бямба гарагт мэдээлжээ.
Уг дэгдэлтийн талаар Конгын тал Баасан гарагт анх зарлахдаа 65 хүн нас барж, 246 хүн халдвар авсан байж болзошгүйг мэдээлж байв.
Итури мужийн төв Буниа хотод нас барсан хүмүүсийг олноор оршуулж байгаа талаар орон нутгийн иргэд мэдээлжээ.
“Өдөр бүр хүмүүс нас барж байгаа. Энэ байдал ойролцоогоор долоо хоног үргэлжилж байна. Өдөрт бид хоёр, гурав, заримдаа үүнээс ч олон хүн оршуулдаг. Одоогоор бид энэ яг ямар өвчин болохыг сайн мэдэхгүй байна” гэж Буниа хотын оршин суугч Жан Марк Асимве ярьсан юм.
Лабораторийн шинжилгээгээр халдвар авсан нь батлагдсан найман тохиолдол бүртгэгдсэний дөрөв нь нас барсныг Баасан гарагийн орой Конгын эрүүл мэндийн сайд Самуэл Рожер Камба мэдэгдэж байлаа.
Шинжилгээгээр Конгод өмнө нь гарч байсан дэгдэлтүүдийн үеэр төдийлөн илэрдэггүй байсан эбола вирусийн Бундибугио хувилбар илэрчээ.
Конго улсад 1976 онд анх эбола вирусийн халдвар дэгдэж байсан бол энэ удаагийнх 17 дахь нь юм.
Эбола нь халдварлах чадвар өндөр бөгөөд бөөлжис, цус, үрийн шингэн зэрэг биеийн шингэнээр дамждаг. Халдварласан тохиолдолд хүндээр өвчлүүлж, ихэнх тохиолдолд үхэлд хүргэдэг байна.
Өнгөрсөн сарын сүүлээр Буниагийн эмнэлэгт нас барсан сувилагч энэ шинэ дэгдэлтийн анхны тохиолдол байсныг сайд Камба мэдээлжээ.
Конго улс нь эболагийн дэгдэлттэй тэмцэх туршлагатай боловч өртсөн бүс нутгуудад мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд ложистикийн бэрхшээлтэй тулгардаг.
Африк тивдээ газар нутгийн хэмжээгээр хоёрдугаарт ордог тус улсын мужууд хоорондоо алс хол зайтай оршдог бөгөөд зөрчил мөргөлдөөн дунд байдаг.
Тухайлбал шинэ дэгдэлтийн төв Итури муж нь нийслэл Киншаса хотоос 1,000 км зайд оршдог. Исламын Улс бүлэглэлийн дэмжлэгтэй босогчид энд үйл ажиллагаа явуулдаг юм.
Өвчлөлийн хүрээ одоогоор мужийн төв Буниа хот болон Рвампара, Монгвалу хоёр суурин газарт төвлөрч байгаа.
Тус улсын био анагаах ухааны үндэсний хүрээлэнд 13 цусны дээжийг шинжлэхэд найм нь Бундибугио төрлийн вирус болох нь батлагджээ.
Үлдсэн тавыг нь дээжийн хэмжээ хангалтгүй шалтгаанаар гүйцэд шинжилж чадаагүй гэнэ.
Конгын хөрш Уганда улсад эбола вирусийн халдварын “импортлогдсон” тохиолдол батлагджээ. Уг хүн нийслэл Кампала хотын эмнэлэгт нас барсан байна.
Дэгдэлт гарсан бүс нутаг Уганда, Өмнөд Судан улсуудтай хил залгаа тул өвчин цааш тархаж болзошгүйг Африкийн Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв анхааруулжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

