Руандын геноцидын сэжигтэн Кабуга 91 насандаа Гаагийн шоронд нас барав
1994 онд Африк тивийн Руанда улсад гарсан геноцидын сэжигтэн Нидерландын Гааг хотын шоронд нас барсныг НҮБ-ын дэргэдэх олон улсын эрүүгийн хэргийн шүүх Бямба гарагт мэдээлжээ.
Гурван жилийн өмнө түүнийг шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн эрүүл мэндийн дүгнэлт гарч байсан юм.
91 настай Фелисиен Кабуга бол Руанда улсын үндэстний цөөнх Туци хүмүүсийг бөөнөөр нь устгах аллагыг дэмжиж, санхүүжүүлсэн хэргийн гол сэжигтэн.
800,000 орчим хүний амийг 100 хоногийн дотор хөнөөсөн энэхүү аллагаас хойш бараг 30 жилийн дараа буюу 2022 онд Кабугагийн шүүх хурал эхэлж байжээ.
2023 онд шүүгчид түүнийг солиорлын улмаас шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн дүгнэлт гаргаж, түүнийг яллалгүйгээр нотлох баримтуудыг үргэлжлүүлэн сонсох журмыг боловсруулахаар тогтож байв.
Гааг хотын эмнэлэгт нас барсан Кабугагийн үхлийн шалтгааныг тогтоохыг НҮБ-ын шүүх үүрэг болгожээ.
Кабугаг баривчлах захирамж 2013 онд гарч, баривчлахад тусалбал $5 саяар шагнах зар гарч байв. Түүнийг 2020 онд Франц улсаас баривчилж байжээ.
Кабугаг геноцид үйлдсэн, геноцидод өдөөн хатгасан, хавчлага, аллага үйлдсэн хэргээр буруутгаж байлаа. Хэрвээ түүнийг ялласан бол бүх насаар хорих ял оноох байжээ.
Шүүх хуралд оролцох боломжгүй гэсэн дүгнэлт гарсны дараа Руанда улс түүнийг хүлээж авах санал тавьж байв.
Гэвч Кабуга эх орондоо буцаж очихоос айж байсан тул үргэлжлүүлэн хорьжээ.
1994 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр Руанда улсын ерөнхийлөгч Жувенал Хабяриманагийн зорчиж байсан нисэх онгоц нийслэл Кигали хотод унасны дараа Туци үндэстний цөөнхийн эсрэг геноцид эхэлж байв.
Ерөнхийлөгч өөрөө Руандагийн хүн амын олонх болдог Хуту үндэстний төлөөлөл байжээ. Кабугагийн охин Хабяриманагийн хүүтэй гэрлэсэн юм.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

