Чехийн цагдаа нар 800 жилийн өмнө амьдарч байсан гэгээнтний гавлын ясыг цутгасан бетон дотроос илрүүлжээ
Чех улсын цагдаа нар одоогоос бараг 800 жилийн өмнө амьдарч байсан гэгээнтний гавлын ясыг Католик сүмээс хулгайлж, бетонд цутгасан этгээдийг баривчилжээ.
Уг эрэгтэй нь Мягмар гарагт Чехийн хойд хэсгийн Яблонне в Поджестеди хотын Гэгээн Лаврентийн сүмээс Лемберкийн гэгээнтэн Здиславын гавлын ясыг хулгайлсан юм байна.
Хулгайлагдсан гавлын яс цутгасан бетон блок дотор байгааг мөрдөгчид тусгай багаж хэрэгслээр илрүүлжээ.
Урлагийн сэргээн засварлагч мэргэжилтнүүд одоо уг гавлын ясыг гэмтээлгүй гаргаж авахаар ажиллаж байгаа гэнэ.
35 настай сэжигтэн хүний цогцсын хэсгийг олон нийтэд үзүүлэх нь зохимжгүй хэрэг гэж үздэг тул гавлын ясыг хулгайлж, бетонд цутгасны дараа голын усанд хаяхаар төлөвлөж байснаа хүлээжээ.
Түүнийг бусдын өмчийг хулгайлсан, эд хөрөнгөд хохирол учруулсан, олон нийтийн дэг журам алдагдуулсан хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бөгөөд шүүх буруутай гэж үзвэл хоёроос найман жил шоронд хоригдож болзошгүй болсон байна.
“Тэр гавлын ясыг өөрийнхөө аргаар оршуулж, өнөөдөр голын усанд хаях гэж байсан байна. Хэрвээ бид түүнийг баривчилж чадаагүй бол гавлын яс хэзээ олдохгүй болох байлаа” гэж орон нутгийн цагдаагийн ахлагч Петр Раят мэдэгджээ.
Сэжигтнийг нийслэл Прага хотоос зүүн хойд зүгт оршдог Млада Болеслав хотоос “цагдаагийн нягт нямбай ажиллагаа, бас бага зэргийн азаар” илрүүлснийг тэр тайлбарласан байна.
Прагийн хамба Станислав Прибыл гавлын ясыг буцааж авсны дараа сум нэвтэрдэггүй шилэн хоргонд хадгалж, дохиоллын систем тавиулахаар төлөвлөж байгаагаа хэвлэлд ярьжээ.
Лемберкийн гэгээнтэн Здислава бол 13 дугаар зууны Бохемийн язгууртан эмэгтэй бөгөөд сүм хийдүүд, эмнэлгүүдийг олноор байгуулсан буянтан байсан юм.
1995 онд Ромын пап II Иоанн Павел түүнийг гэгээнтэнд өргөмжилсөн бөгөөд Чехийн сүсэгтнүүд түүнийг зовж зүдэрсэн хүмүүсийн аврагч хэмээн хүндэлдэг байна.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

