Тээврийн Цагдаагийн Албанаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, зам тээврийн осолтой холбоотой гэмт хэрэг, бусад асуудлын талаар мэдээлэл өглөө.
Тээврийн Цагдаагийн Алба (ТЦА)-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир "Зуны дэлгэр цагт иргэд амралт зугаалгаар явах, нэгнийдээ зочлох үедээ айл гэрийн хашаанд зам орчноо эргэж тойрон шалгаагүйгээс хүүхдийг мөргөж гэмтээх, амь насыг хохироосон харамсалтай тохиолдол бүртгэгдээд байна.
Хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүйгээс 2021 онд 0-4 насны 23, 2022 онд 14, 2023 онд 8, 2024 он гарсаар хоёр хүүхдийн амь насыг хохироосон тохиолдол бүртгэгдлээ.
Энэ онд гарсан ослыг дурдвал Говь-Алтай аймагт дөрөвдүгээр сарын 22-ны 16:00 цагийн орчимд "Harrier" загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөрвөн настай хүүхдийг дайрч, амь насыг хохироосон, дөрөвдүгээр сарын 16-ны 13:00 цагт Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт "Prius 20" загварын машинаар хөдөлгөөн эхлэхдээ дөнгөж нэг нас хүрч байгаа хүүхдийг дайрч, амь насыг хохироосон харамсалтай осол гарсан.
Иймд жолооч та бүхэн хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо сайн шалгаж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөе" гэв.
Энэ оны эхний дөрвөн сард хүүхэд өртсөн 274 зам тээврийн осол цагдаагийн байгууллагад бүртгэгдэж, 297 хүүхэд гэмтэж, бэртсэн бол 12 хүүхдийн амь нас хохирчээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!