Онцгой байдлын байгууллагын дөрвөн гал сөнөөгчийн гурав нь хувцасгүй гэх асуудлын тухайд шадар сайд С.Амарсайхан тайлбар өгөв.
Онцгой байдлын алба хаагчдын цалингийн тухайд "Улаанбаатар болон аймаг, сумдад байгаа аврах, эрэн хайх нэгж, салбаруудын тоог 128-аар нэмэх тул 2025 оны төсвийг нэмэгдүүлэхээр саналаа өгч байна.
Одоо 330 сумын 30-д аврах ангитай байгаа юм. ОБЕГ-ын нарийн мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмэгдүүлнэ.
Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд алба хаагчдын цалин хоёр удаа нэмэгдсэн. Долоо хоногийн өмнө дунджаар 25%-аар нэмэгдсэн. Гэвч нийгмийн асуудал хүнд. Орон сууцжуулах цогц хөтөлбөрт хамруулах бодлого баримтлах шаардлагатай байна.
Хариуцлагын асуудлыг Онцгой байдлын салбарт нааж болохгүй. Иргэн, ААН-ийн хариуцлага гэж бий. Гал, усанд автаж буй объектын эзэн, өмчлөгч байгууллагууд осол гэмтлээ шалгаж, стандартын дагуу үйл ажиллагаа явуулдаг бол эрсдэл гарахгүй. Эрсдэлийг хаах хариуцлагаа биелүүлээгүйгээс гамшгийн голомт болдог. Гамшгийн голомт руу тангараг өргөсөн онцгой байдлын байгууллагын алба хаагчид иргэний амь нас, эд хөрөнгийг хамгаалахаар орохоос өөр арга байхгүй.
Гамшгийн голомт руу орж байгаа хэн ч эсэн мэнд, эрүүл гарч ирэх баталгаа байхгүй. Гамшгийн голомтыг бий болгохгүйн тулд иргэд, ААН, албан тушаалтнууд анхаарч ажиллах ёстой.
Аюул гаргах нь бидний дурын асуудал аз нь байвал эсэн мэнд гарч ир гэдэг байдлаар онцгой байдлын алба хаагчдыг хутгах нь өрөөсгөл.
Өндөр барилгад гарсан галыг унтраах машин манай улсад одоогоор байхгүй, ойрын хугацаанд авна.
Дрон, робот байхаар бүх зүйл шийдэгдэхгүй. Дрон, роботоор тодорхой хязгаарлагдмал хүрээнд үүрэг гүйцэтгэнэ, 10, 20 давхарт хүрч гал унтраахгүй шийдэл" гэв.