НИТХ дахь ХҮН намын бүлгээс цахилгаан скүүтер, мопедыг ашиглах журмын төслийг боловсруулжээ. Энэ төслийг өнөөдөр танилцууллаа
ХҮН намын УЗ-ийн гишүүн П.Наранбаяр "Цахилгаан скүүтер унасан хүүхдүүд замын голоор хурдтай давхиж байна.
Үндэсний Цэцэрлэгт Хүрээлэн дотор скүүтертэй давхиж явсан хүүхдэд дайруулсан хүн гэмтэл авсан тохиолдол хэдэн жилийн өмнө гарч байсан. Тиймээс аюулгүй байдлыг хангахаар цахилгаан скүүтер, мопедыг ашиглах журмын төсөл боловсруулсан. Журмын төсөл нь захиргааны хэм хэмжээг тогтоосон акт.
Цахилгаан скүүтер, мопедыг зарж, түрээсэлж буй болон худалдаж авч байгаа хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа учраас иргэд, байгууллагуудын саналыг журмын төсөлд авахаар өнөөдөр хүргүүлж байгаа юм. Хотын дарга Х.Нямбаатарт саналыг хүргүүлж байна.
Скүүтер, мопедыг ашиглах журмын төслийг хуульд заасны дагуу олон нийтээр хэлэлцүүлэх юм, иргэд саналаа өгөөрэй.
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар дээд хурд 50км/цагт хүрдэг эсэхээс шалтгаалж, мотоцикл мөн биш нь хамаардаг юм байна.
Гэтэл Сурроны хурд 80км/цагт хүрч, 4,000 кВт чадалтай байна. Ингэхээр мотоциклын ангилалд орох ёстой, жолооны үнэмлэх шаардаж эхэлнэ. Үүнийг журамлаж байна.
Скүүтерийн дээд хурд 20км/цаг хүрдэг. Скүүтер жолоодож замын хаагуур зорчих, яаж явах зохицуулалт байхгүй.
Журмын төсөлд скүүтертэй хүн замын баруун талаар зорчих, явган хүний замаар зорчихдоо дээд хурдыг 10км/цагаас хэтрүүлэхгүй байх, гэрэл ойлгогчийг хаана байрлуулах зэрэг заалтыг оруулж байна. Энэ нь иргэний аюулгүй байдлыг хангах зорилготой.
"Нийслэлийн нутаг дэвсгэрт цахилгаан скүүтер, мопед ашиглах" нэртэй журам. Хуулийн хүрээнд нийслэл журам гаргах бүрэн эрхтэй байдаг" гэж ярилаа.
Журмын төсөлд info@hunnam.mn хаягаар саналаа өгч болох бөгөөд удахгүй нийтэд ил байршуулах аж. Төсөлд хотын дарга, ТЦА, цахилгаан скүүтер, мопед худалдан борлуулж буй болон түрээсийн үйлчилгээ үзүүлж байгаа байгууллагууд, иргэдийг саналаа идэвхтэй өгөхийг уриаллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!